Биологийн олон янз байдлын тухай конвенцид нэгдэн орсон 30 дахь орон юм


Биологийн олон янз байдал гэдэг нь дэлхий дээрх амьд бие организмын олон янз байдал тухайлбал хуурай газар, далай тэнгис, усан орчны экосистем, экосистемийн бүрэлдэхүүн хэсэг болох амьтан, ургамал зэрэг амьд биет болон тэдгээрийн генетикийн олон янз байдлыг багтаасан нийлмэл ойлголт юм.
Биологийн олон янз байдлын тухай конвенцийг Монгол Улсын Их Хурал 1993 онд соёрхон баталснаар Монгол Улс тус конвенцид албан ёсоор нэгдэн орсон дэлхийн 30 дахь орон болсон юм. Конвенцид манай улс нэгдэн орсноор биологийн олон янз байдлыг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, генетик нөөцийн ашиглалтаас олох ашгийг шударга, тэгш, хүртээмжтэй хуваарилах үндсэн гурван зорилгод чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, олон улс, бүс нутгийн хэмжээнд санаачилгатай хамтран ажиллах, үндэсний бодлого, үр ашигтай зохицуулалтыг хэрэгжүүлэх үүргийг олон улсын өмнө хүлээсэн.
2010 оноос эхлэн Нэгдсэн Үндэсний Байгууллагаас жил бүрийн 5 сарын 22-ны өдрийг “Олон улсын биологийн олон янз байдлын өдөр” болгон зарлаж, дэлхийн олон оронд өргөн хүрээнд тэмдэглэж ирсэн.
Энэхүү өдрийн хүрээнд Нийслэлд анх удаа нийслэлийн нутаг дэвсгэрт тархац нутаггүй болсон тарвагыг нүүлгэн шилжүүлэх ажил эхлүүлээд байна. Мөн БОАЖЯам, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачлага төсөл хамтран “Биологийн олон янз байдал ба тогтвортой аялал жуулчлал” уриан дор  иргэд болон оюутан, сурагчдад Биологийн олон янз байдлын талаар болон тогтвортой аялал жуулчлалын талаар ШУА-ын Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Монголын аялал жуулчлалын холбооны эрдэмтэн, судлаачид мэдээлэл өгч биологийн олон янз байдлын гэрэл зургийн үзэсгэлэн, ургамлын гербарын үзэсгэлэн тус тус дэлгэгдлээ.

- share

Сэтгэгдэл (0)