Нийслэлийн нутаг дэвсгэрт тархац нутаггүй болсон тарвагыг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлж байна


 НҮБ-аас жил бүрийн 5 дугаар сарн 22-ны өдрийг “Биологийн олон янз байдлын олон улсын өдөр” болгон зарласантай холбогдуулан улс орон бүр зэрлэг ан амьтад, уур амьсгал, экосистемийн өөрчлөлттэй холбогдуулан олон чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн.

   Энэ жилийн хувьд тус өдрийг тохиолдуулан нийслэлийн Байгаль орчны газраас нийслэлийн ногоон бүс болох зуслан орчмын сууршлын бүсэд тоо толгой нь цөөрч, цаашлаад устах аюулд хүрээд байгаа тарвагыг нүүлгэж, байгальд шилжүүлэн тавих ажлыг анх удаа зохион байгуулж байна. 
    Тарвага нь газар доогуур олон салаа нүх ухаж, газрын хөрсний өнгөн давхрааг сийрүүлж, агаар ус нэвтрүүлснээр хөрсний бүтцийг сайжруулж, ургамал ургах таатай нөхцлийг бүрдүүлэхэд өндөр ач холбогдол үзүүлдэг төдийгүй тарвага байгаа газарт үнэг, шувуу болон бусад зэрлэг амьтад амьдардагаараа экосистемийг бүрдүүлэхэд томоохон нөлөө үзүүлдэг мэрэгч амьтан юм.
     Нийслэл хотын хүн ам өсөн нэмэгдэж, суурьшлын бүс өргөжин тэлж байгаатай холбогдон ногоон бүсийн зэрлэг ан амьтдын амьдрах орчин, тархац нутаг нь хумигдаж, тарваганы доштой газрыг хашаалах, дошны хажууд хашаа, байшин барьж, амьдрах явдал тасрахгүй байна.
    Иймд, зуслангийн бүсийн иргэдийг амьтны гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл аюулгүй, цэвэр агаарт амарч, зугаалах нөхцлөөр хангах, нөгөө талаар зэрлэг амьтны байгальдаа амьдрах жам ёсны боломжыг бүрдүүлэхийн тулд амьтан агнуурын мэргэжлийн байгууллагатай хамтран тарвагыг нүүлгэн шилжүүлэх ажлыг 05 сарын 22-ны өдрөөс эхлүүлээд байна.
- share

Сэтгэгдэл (0)