УТААНЫ ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ


Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-ийг 2019.09.14-15-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. 

Энэхүү үйл ажиллагаанд Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 50 гаруй байгууллага оролцов. 

Агаарын бохирдолд хүргэж буй шалтгаан, үүнээс урган гарч буй хор нөлөөллийг багасгахад их хотын иргэн бүрийн үүрэг чухал байна. 
Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдлыг бууруулахад 

⊷    Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх 
⊷    Сайн шаталттай өндөр илчлэг, бага чийгтэй дулааны боловсруулалт хийсэн түлш ашиглах
⊷    Барилга, орон сууцны дулааны алдагдлыг бууруулах
⊷    Байгальд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэх
⊷    Халаалтын эрчим хүчний үр дүнтэй хэрэглэх боломжийг бүрэн ашиглах шаардлагатай.

Дээрх арга хэмжээнд Нийслэлийн Байгаль орчны газраас байгальд ээлтэй дэвшилтэт технологи, ногоон байгууламж, эко бүтээгдэхүүн, гэр байшингаа дулаалах чиглэлээр иргэдэд мэдээлэл өгч ажиллалаа.
 
1. Байгальд ээлтэй дэвшилтэт технологи:
Нийслэлийн агаарын бохирдлын 20 хувийн эх үүсвэр болж буй автомашины утаа хүний эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлж байгаа тул манай газартай хамтран ажиллагч “Номин моторс” ХХК, “Глобал моторс” ХХК цахилгаанаар ажилладаг Эко автомашин, тээврийн хэрэгслүүдийг танилцуулав.

 
 
 
2. Ногоон байгууламж:
Ой мод нь уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, хүчил төрөгч ялгаруулах, мөнх цэвдгийг тогтоон барих, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, дуу чимээг багасгах гэх мэт олон талын ач холбогдолтой юм. Тухайлбал, 1 мод хоногт 180 л хүчилтөрөгч ялгаруулдаг бөгөөд 1 га ой нь жилд 40-100 тн тоосыг өөртөө барьж, 18-20 сая куб метр агаарыг цэвэрлэдэг. Харин 1 га навчит ой 3 кг, шилмүүст ой 5-10 кг, арц 30 кг фитонцит ялгаруулдаг. Ой модны фотосинтезийн процессын явцад 1 га шилмүүст ой зуны нэг өдөр агаараас 20-275 кг нүүрс хүчлийн хий шингээж, 180-215 кг хүчил төрөгчийг ялгаруулж, 120- 50 кг органик бодисыг нийлэгжүүлж байдаг. Тиймээс улсын нийслэл Улаанбаатар хотод маань ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэд хашаандаа мод бут тарих нь агаар, орчны бохирдлыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм.
 
 
 
3. Эко бүтээгдэхүүн, барилгын дулаан хадгалах:
Нийслэлийн байгаль орчны газартай хамтран ажиллаж буй “Эко тайхи” ХХК нь төв цэвэрлэх байгууламжийн лагийн талбайгаас гаргаж авсан эко бордооны танилцуулга болон төв цэвэрлэх байгууламжаас гарч буй үнэрийг дарах усгүйжүүлэх төхөөрөмж ашиглах, туршилтын мэдээллийг сурталчлан таниулав.
Мөн манай газраас барилгын дулаан алдагдал гэж юу болох дулаан алдагдлыг хялбар аргаар бууруулах, дулаан алдагдлыг бууруулснаар өрхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж ажиллав.
    
 

Иргэд энэхүү үйл ажиллагаанд оролцсоноор иргэн аж ахуй нэгж байгууллагад дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, орон байраа дулаалах, ногоон зээлийн сангаас зээл авах, мод тарих, цахилгаан болон хийн халаагуур, сайжруулсан хатуу түлшний талаарх мэдээллийг нэг дороос авах боломжийг олгосноороо онцлог байв.
 
 
- share

Сэтгэгдэл (0)