БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төсөл хөтөлбөрүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн дүгнэлтийг төслийн хүчин чадлаас хамааран Байгал орчин, аялал жуулчлалын яам, аймаг, нийслэлийн Байгаль орчны газар гаргадаг. 
 
Сүүлийн үед Газрын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангахад зориулж иргэн, аж ахуйн нэгжид газар шинээр олгох, газрын гэрээ сунгах, бусдад шилжүүлэхэд Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт шаардагдаж иргэн, аж ахуйн нэгжид шат дараалсан материал бүрдүүлэх, ажил гүйцэтгэх гэрээний төлбөр харилцан адилгүй байх зэрэг хүндрэл үүсээд байна. 
 
Иймд Монгол Улсын Засгийн газраас зарласан “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор байгаль орчны үнэлгээ эрхлэгч тусгай зөвшөөрөлтэй 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй дээрх асуудлыг хуулийн дагуу шуурхай шийдвэрлэх, тодорхойлолтын маягтыг боловсруулах, санал солилцох уулзалт зохион байгууллаа.
 
Уулзалтын үеэр иргэн, аж ахуйн нэгжийн 200-500 метр квадрат хэмжээтэй талбайд төслийн хүчин чадал, ангиллаас шалтгаалан Газрын төлөв байдлын хянан баталгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн тохиолдолд хөрсний мэдээллийг тооцож, бусад үзүүлэлтийг товчлон оруулах байдлаар “Байгаль орчинд нөлөөлөх байдлын төлөв байдлын тодорхойлолт”-ыг А4 хэмжээтэй 5 хүртэлх нүүрэнд багтаан хүлээн авч ажиллахаар боллоо. Мөн холбогдох хууль, журамд заасан Байгаль орчны төлөв байдлын тайлангийн хувьд байгаль орчинд ээлтэй, цаас хэмнэх үүднээс үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 0,5, ар өвөргүй хэвлэх, шаардлагатай тохиолдолд CD хэлбэрээр хүлээн авч ажиллах саналыг уулзалтад оролцогчид дэмжлээ.
 
Цаашид тус газраас байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтийг гаргах ажлыг цахимжуулах, нийслэлийн нутаг дэвсгэр дэх мэдээллийн суурь баазтай болсноор үнэлгээний мэргэжлийн байгууллагын боловсруулсан мэдээлэл дээр дүүрэг санал өгч, тус газраас үнэлгээний дүгнэлтийг цахим хэлбэрээр гаргах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

 

- share

Сэтгэгдэл (0)