АВТО УГААЛГЫН ГАЗАРТ УСЫГ ЭРГҮҮЛЭН АШИГЛАХ ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЛАА


Нийслэлийн нутаг дэвсгэрт авто машин угаалгын газрын үйл ажиллагаа явуулж байгаа усыг дахин ашиглах боломжтой иргэн аж ахуйн нэгжүүдэд нийслэлийн Байгаль орчны газраас танхимын болон туршлага судлах, “Дахин ашиглах цэвэрлэсэн ус, техникийн ерөнхий шаардлага MNS6734-2018” стандартыг сурталчлах сургалт семинарыг 2018, 2019 онуудад зохион байгуулсан.
 
Энэ удаад ус дахин ашиглах технологийг нэвтрүүлэх сонирхолтой, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж буй 10 гаруй аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлд “Авто угаалгын газарт усыг эргүүлэн ашиглах технологийн шийдэл” танилцуулах арга хэмжээг “Монголын усны түншлэл” ТББ-ын тэргүүн, доктор Д.Басандоржтой хамтран зохион байгууллаа.
 
Усыг эргүүлэн ашиглах технологийг танилцуулах арга хэмжээнд оролцогчдод тус байгууллагаас хамгийн хямд өртөгтэй технологийн шийдлүүд танилцуулж, сонирхсон асуултад хариулах, харилцан мэдээлэл солилцох, мөн танилцуулах өрөөнд байрлуулсан бүтээгдэхүүнийг үзэж сонирхууллаа.
 
Авто угаалгын газрын хүчин чадал, нөөц бололцоо харилцан адилгүй байгаа тул тус төрийн бус байгууллагаас зарим угаалгын газар дээр очиж технологи нэвтрүүлэх боломж авто угаалгын газрын нөхцөл байдлыг судлах, танилцахаар боллоо.
 
Нийслэлийн нутаг дэвсгэр дээрх нийт 200 орчим авто угаалгын газар бүртгэгдсэн байдаг бөгөөд үүний 10 хүрэхгүй хувь нь усыг дахин ашиглаж байгаа нь хангалтгүй тул усыг дахин ашиглах боломж, технологийн шийдлийг олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудад танилцуулах, мэдээлэл хүргэхэд нийслэлийн Байгаль орчны газар анхаарч ажиллаж байна.
 
Ус дахин ашиглахтай холбоотой ажил хэрэгч санал, хүсэлтийг тус газрын 318003 утсаар Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтэст ирүүлэн хамтран ажиллахыг хүсье.