ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХҮҮДИЙН САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ҮНСИЙГ ДАХИН АШИГЛАХ, ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА


Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд болон Дулааны цахилгаан станцуудын галлагаанаас гарч байгаа үнсийг агаар орчны бохирдлыг бууруулах, хөрсний бохирдол үүсэхээс сэргийлэх зорилгоор судалгаа шинжилгээнд оруулах, эх үүсвэр дээр нь үнсийг ангилан ялгах, тээвэрлэх, дахин ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх арга ажиллагааны талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/1206 дугаар захирамжаар байгуулагдлаа.
 
Тус ажлын хэсэгт төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөллийг оролцуулсан бөгөөд тус ажлыг Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал ахалж байгаа бөгөөд үнсний судалгаа шинжилгээний үр дүнд үндэслэн хоёрдогч түүхий эд болгон ашиглах технологийн туршилтыг ШУТИС болон Шинжлэх ухааны академийн Хими, Химийн технологийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. 
 
Эхний ээлжид сайжруулсан түлш хэрэглэж буй төвийн 6 дүүргийн айл өрхийн 3 төрлийн зуухнаас гарсан үнсний шинж чанарыг лабораторид шинжилж судлах юм.
 
Цаашид олон улсад цахилгаан станцын үнсийг зам барилга, дулаалга, үржил шимт бордоо гарган авах зэргээр дэвшилтэт технологид үндэслэн дахин боловсруулан ашиглаж байгаа бол манай улсад барилгын материалын үйлдвэрлэл, дуу тусгаарлагч бетонон хавтан үйлдвэрлэх зэргээр ашиглаж байна.  
 
Гэр хорооллын үнсийг хог хаягдал бус байгалийн баялаг хэмээн үзэж, эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, цуглуулан тээвэрлэж эцсийн бүтээгдэхүүн болгоход боловсруулж, хэрэглээнд оруулахад тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх санал боловсруулахаар ажиллаж байна.