НИЙСЛЭЛ ХОТ ХОЁР ГАЗРЫГ ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТАД АВЛАА


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 29 дүгээр чуулганаар Баянзүрх  дүүргийн  20  дугаар  хорооны  нутаг  дэвсгэр дэх  Гачуурт  голын хөндийн Бага Шар хоолойн Бэрх төгөл орчмын 103 га, Дээндийн нурууны 6130 га газрыг орон нутгийн хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэн дэмжиж тогтоол баталлаа.

Бэрх төгөл

Ус үндэсний хөтөлбөр, “Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн арга хэмжээний төлөвлөгөө”, “Монгол орны хүлэрт намгийн стратеги төлөвлөгөө”, “Монгол орны хүлэрт намгийн үнэлгээний тайлан” зэрэгт хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай сийрэгжиж байгаа хүлэрт намаг болохыг тодорхойлсны дагуу Бэрх төгөл орчмын 103 га хүлэрт намаг бүхий газар  нутгийг орон нутгийн хамгаалалтад аваад байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн болон суурьшлын нөлөөгөөр эрчимтэй явагдаж буй хүлэрт намгийн доройтол нь цэвэр усны хамгийн том эх үүсвэр болох цэвдэгт давхарга хайлах, экологийн амьдрах орчин багасах, биологийн олон янз байдлыг  хомсдолд хүргэх аюултай. Доройтсон хүлэрт намаг нь ус тогтоон барих чадвар, экосистемийн бүтээмжээ алддаг. Бүтээмжээ алдаж хатах, ургамалжилт өөрчлөгдөх үед их хэмжээний нүүрстөрөгч агаарт ялгардаг тул хамгаалалтад авч, нарийн горимыг мөрдүүлэх замаар доройтлоос сэргийлэх шаардлагатай байна. Бэрх төгөл орчмыг хамгаалалтад авснаар ирээдүйд үүсэх суурьшлаас сэргийлэх, улмаар хүлэрт намгийг хэвээр нь авч үлдэх боломж бүрдэх юм. Манай улсын хэмжээнд 1970 онд хийгдсэн судалгаагаар 27 000 км.кв талбайг эзлэх хүлэрт намаг байсан бол 2017 онд энэ тоо 2 дахин буурсан талаар судалгааны дүн гарсан. Нийслэлийн хэмжээнд улам бүр багассаар байгаа хүлэрт намаг бүхий орчныг ийнхүү хамгаалалтад авлаа.

Дээндийн нуруу

Дээндийн нуруу нь Монгол орны ургамал газар зүйн мужлалаар уулын ойт хээрийн бүсэд хамаардаг бөгөөд 16 багийн 34 овгийн 142 төрлийн шувууд, 7 баг 14 овгийн 25 төрлийн хөхтөн амьтад бүртгэгдсэн. Эмчилгээний ач тустай 152 зүйл, хүнсний ач холбогдолтой 16 зүйл, балт ургамал 57 зүйл, нэн ховор 1 зүйл, ховор 18 зүйл, нугын 13 зүйл, ойн 9 зүйл, хээрийн 4 зүйл, өвслөг 25 зүйл, хөвд 2 зүйл ургамал ургадаг байгалийн арвин нөөцтэй нутаг юм.

Суурьшлын нөлөөгөөр хотын ногоон бүсийн хөхтөн амьтдын багагүй хувь нь дүрвэн дайжиж өдгөө Дээндийн нуруунд нутагшиж байна. Түүний дотроос Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Ховор амьтны жагсаалт”-д орсон “Халиун буга” нь Дээндийн нурууны “шүхэр зүйл” болдог бөгөөд түүний тархац нутгийг хамгаалах, зэрлэг амьтдын амьдрах орчинг хадгалан үлдээх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор орон нутгийн хамгаалалтад авав. Дээндийн нуруу нь Бага Хэнтийн нуруу – Богдхан уулын хооронд экологийн гарц болдог тул амьтан хамгааллын хувьд онцгой ач холбогдолтой.

Дээрх 2 газрыг хамгаалалтад авснаар явган болон ердийн хөсөг, моторт бус тээврийн хэрэгсэлтэй аялал, биеийн тамирын арга хэмжээг түймрийн аюултайгаас бусад үед тогтоосон байршил, зам чиглэлээр байгаль хамгаалагчийн хяналт доор зохион байгуулж болох бол барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, худаг гаргах, цооног өрөмдөх, зэрлэг амьтан агнах, барих, мод, зэгс, шагшуурга, байгалийн дагалт баялаг бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг бүрмөсөн хориглох горим мөрдөгдөнө.

Асуудлыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ц.Сандаг-Очир, Б.Бямбадорж, Н.Батсүмбэрэл, Ц.Байгалмаа, Ж.Алдаржавхлан, Ё.Цацралтуяа, Ц.Баатархүү нар асуулт асууж, санал хэлэв. Төлөөлөгчдийн асуултад хариулахдаа Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга 2017 оноос эдгээр газруудад биотехникийн арга хэмжээ авч, хавар, өвлийн тарчиг үед өвс тэжээл, хужир мараа тавин хөдөлгөөн мэдрэгч камераар тогтмол мониторинг хийсний дүнд хөхтөн амьтдын тоо толгой мэдэгдэхүйц өсч байгааг онцолж байв.

НИТХ-ын шийдвэр гарснаар нийслэлийн нутаг дэвсгэрт улсын тусгай хамгаалалттай газар 3, нийслэлийн хамгаалалтад авсан газар 6, дүүргийн хамгаалалтад авсан газар 24 болж байна.

 

- share

Сэтгэгдэл (0)