ЗУСЛАНГИЙН БҮСЭД ЗЭРЛЭГШСЭН НОХОЙН УСТГАЛ ЯВАГДАНА


Нийслэлийн ногоон бүсэд тарвага, зурам, бор гөрөөс зэрэг зэрлэг амьтдын тоо толгой цөөрөх гол шалтгаан нь зэрлэгшсэн нохойтой шууд холбоотой юм.
 
Ногоон бүсийн байгаль хамгаалагчдаас хамгийн багадаа 234 зэрлэгшсэн нохой 36 муур байгаа тоо судалгааг гарган нохой устгалын аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсний дагуу одоогоор Сонгинохайрхан дүүргийн 21, 24, 25, Чингэлтэй дүүргийн 19, Сүхбаатар дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн зуслангийн бүсэд “Өлтэй” ХХК, “Базалт нэгдэл” ХХК, "Их Булаг Атук" ХХК нь нохой устгалын ажлыг 2020 оны 01 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд зохион байгуулж 69 зэрлэгшсэн нохойг устгасан байна. 
 
2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 20-ыг хүртэлх хугацаанд ногоон бүсэд зэрлэгшсэн нохой устгалын ажлыг  эрчимжүүлсэн байдлаар дахин зохион байгуулах тул нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчдад зэрлэгшсэн нохой, муурны талаар мэдээлэл өгч хамтран ажиллахыг хүсье.
 
Мөн өөрийн тэжээмэл амьтдаа сул чөлөөтэй явуулахгүй байж бусдын аюулгүй байдлыг хангаж байхыг ногоон бүсийн иргэдэд анхааруулж байна.