ТҮЙМРИЙН АЮУЛТАЙ ҮЕ ЭХЭЛЛЭЭ


Монгол орны түймрийн эрсдэлтэй бүс нутгийн ангиллаар нийслэлийн ногоон бүсийн ойн сан бүхий газар нь түймрийн эрсдэлийн зэргээр 2-р бүс буюу “Аюултай” гэсэн ангилалд багтдаг. 
 
Ойн тухай хуулийн 3.1.17-д зааснаар “түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаа хамаарна. 
 
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр, Нийслэлийн онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар албан даалгавар гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2020 оны А/376 дугаартай захирамжаар ажлын хэсгийг байгуулаад байна. 
 
Нийслэлийн Байгаль орчны газрын дарга ахалж, гишүүдээр Нийслэлийн Онцгой байдлын газрын Тэргүүн дэд дарга, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журмыг хамгаалах ажил хариуцсан дэд дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нар ажиллах уг ажлын хэсэг нийслэлийн нутаг дэвсгэрт ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллана.
 
Нийслэлийн ногоон бүсэд иргэдийн анхаарал, сэрэмж алдсан болгоомжгүй үйлдлийн улмаас 2019 онд хээрийн 5 га, ойн 16.5 га талбай түймэрт өртөж ойн сан төдийгүй иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учирсан. Тиймээс хавар, намрын хуурайшилтын үеэр иргэн бүр Ойн тухай хуулийн 20.2-д заасан ойг хамгаалах иргэний үүргээ биелүүлэн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын 101 утсаар болон нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчид яаралтай мэдэгдэж байхыг уриалж байна.