АХУЙН ХАЯГДАЛ ҮНСЭЭР ШИНГЭЭГЧ ҮРЭЛ ҮЙЛДВЭРЛЭХ ТУРШИЛТЫГ ХИЙЛЭЭ


Дэлхийн улс орнуудад цахилгаан станцын үнсийг бетон зуурмагийн үйлдвэрлэлд элс, шаврыг орлуулах, бетон хольц дахь ердийн дүүргэгчийн оронд үнсэн үрэл, эрдэс дүүргэгч хэлбэрээр ашиглах, дээврийн хавтан хийх зэргээр барилга, автозамын үйлдвэрлэлд нэвтрүүлж байна. Мөн уул уурхайн салбарт зөөлөн хөрсийг тогтворжуулах, техник, биологийн нөхөн сэргээлт хийх, хөдөө аж ахуйн салбарт хөрсний нэмэлт, бордоо, үхрийн сангийн аж ахуйд тэжээлийн хашаанд хөрсийг тогтворжуулах зэргээр ашиглаж байна.
 
Манай улс жилд дунджаар 6 сая тн нүүрс хэрэглэж, үүнээс 500-600 мянган тн орчим хаягдал үнс ялгарч, тэр хирээр агаар, орчныг бохирдуулж байна. 

 
Олон улсад бетонд хэрэглэх үнс нь стандартчилагдсан байдаг бол манай орны хувьд “Барилгын материалын үйлдвэрлэлд хэрэглэх дулааны цахилгаан станцын үнс. Техникийн шаардлага, турших арга  MNS 3927:2016” стандартын шаардлага хангасан шүүлтүүрийн үнсийг бетоны зуурмагийн цементийн орцын 20%-иас ихгүй байхаар тооцон хэрэглэх боломж бүрдсэн. 
 
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1206 дугаар захирамжаар үйлдвэрийн болон ахуйн үнсийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахин ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан, гэр хорооллын айл өрхийн галлагаанаас гарсан 3 төрлийн (энгийн, төслийн, нам даралтын зуухны) үнсний дээжид физик, механик үзүүлэлт тодорхойлох сорилт шинжилгээ хийсэн бөгөөд Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд дээрх үнсийг ашиглан химийн хортой будагч бодис болон хүнд металл агуулсан усыг цэвэршүүлж шүүх үрэлжүүлсэн үнсийг туршилтын журмаар гаргаж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжуудыг судалж байна.