ХӨРСНИЙ БОХИРДЛЫН ТАЛААР ЯПОН УЛСЫН АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТУРШЛАГА


Япон улсад 1950-1960- аад оны үед хүрээлэн буй орчны бохирдлын асуудал орон даяар тулгамдсан асуудал болж, уул уурхайн ашиглалтаас үүдсэн хүнд металын бохирдлоор бохирдсон тариалангийн талбайд будаа тарьж, хүнсний хэрэглээнд хэрэглэсэн нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн зэрэг олон төрлийн шалтгаанаар нийгмийн дунд хурцадмал асуудлыг бий болгосон. Тиймээс 1958 онд Усны чанарыг хамгаалах тухай хууль, Үйлдвэрлэлийн бохир усыг журамлах тухай хууль, 1970 онд Хүрээлэн буй орчны бохирдлоос хамгаалах зардлыг аж ахуйн нэгжүүдээс гаргуулах тухай хууль, Усны чанарыг бохирдлоос хамгаалах тухай хууль, Тариалангийн газрын хөрсийг бохирдлоос сэргийлэх тухай хуулиудыг тус тус баталсан нь үүссэн нөхцөл байдал тохирсон оновчтой арга хэмжээ болсон. Гэвч тухайн үед хүнд металын талаар ойлголт хомс, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг ойлгож, мэдэж чадаагүй байсан тул хортой хог хаягдал, бодисыг хөнгөн аргаар хаях, булах, устгах зэрэг буруу арга хэмжээ авч байсан.

1970 аад оноос үйлдвэржилт өргөжин тэлж, хотын төвийн дүүргүүдэд хөрсний бохирдлын асуудал ихээр яригдах болсон ба ялангуяа 1973 онд Токио хотын Эдо, Эдогава дүүргүүдэд хүнд метал болох хромоор бохирдсон хөрсний бохирдлын асуудал олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн. 1986 онд Хот суурин газрын хөрсний бохирдлын талаар авч хэрэгжүүлэх түр хугацааны журам гаргаж хэрэгжүүлсэн. Мөн 1991 онд Хөрсний бохирдлын байгаль орчны стандарт,  2003 онд Хөрсний бохирдлын тухай хуулийг тус тус баталж, байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжуудаа тодорхой болгож, нэмэлт өөрчлөлт оруулсаар байна.

Япон улс Хөрсний бохирдлын тухай хуулиндаа хортой бодисын найрлага бүхий бодис ашигладаг үйлдвэр нь үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд хөрсний шинжилгээг   хийхээр үүрэгжүүлсэн байдаг боловч аж ахуйн нэгжүүд сайн дураараа шинжилгээ хийх тохиолдол олон. Бодит байдал дээр хуульд заасан хөрсний шинжилгээг хийхээс илүү газар эзэмшигч, өмчлөгч бие даан өөрсдийн ухамсраар шинжилгээ хийлгэх нь их байдаг. Хөрсний бохирдлын тухай хууль батлагдан хэрэгжүүлж эхэлснээс хойш газар ашиглахдаа  хөрсний шинжилгээ хийж байхыг үүрэгжүүлсэн байдаг.  Өмнө нь хөрс шинжлэх тухай ажил бараг хийгддэггүй байсан.

          Хөрс нэг удаа бохирдвол цэвэрших боломж бага. Тиймээс 20 жил, 30 жил өнгөрлөө ч хөрсөн дэх хортой бодис устаж алга болохгүй, байсаар байдаг. Хортой бодис нь хүний нүдэнд үл харагдах байдлаар оршдог тул хортой бодисоор бохирдсон хөрсний сөрөг нөлөөг иргэд ухамсарлаж ойлгоход хүндрэлтэй байдаг.

Хөрсний бохирдол нь олон төрлийг өвчнийг үүсгэх магадлалтай байдаг тул эхний ээлжинд бохирдсон хөрсийг шинжлэх нь хамгийн чухал асуудал юм. Хөрсний шинжилгээ нь хөрс нь ямар бодисоор бохирдсон, ямар хэмжээний талбайг бохирдуулсан болохыг тодорхойлдог. Үүнийг мэдсэнээрээ бохирдолтой хэсгийн талбайгаас ус ашиглах, тус хөрсөн дээр ямарваа нэгэн чиглэлээр үйл ажиллагаа явуулахгүй байх гэх мэтээр эрүүл мэндээ урьдчилан хамгаалах боломж болох юм.

Сүүлийн үед сайн дураараа хөрсний шинжилгээ хийлгэх газар эзэмшигч иргэд нэмэгдэж байгаа нь эрүүл амьдрах орчноо бүрдүүлэхэд  иргэд анхаардаг болсны илрэл юм. Ялангуяа үл хөдлөх хөрөнгө, газар худалдаж авах, борлуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд хөрсний шинжилгээг сайн дурын үндсэн дээр хийлгэх нь нэмэгдэж байна.

- share

Сэтгэгдэл (0)