ХАМТАРСАН КРЕДИТ ОЛГОХ СИСТЕМИЙН СЕМИНАРТ ОРОЛЦОВ


Тус газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн дарга Б.Болортуяа 2017 оны 01 дүгээр сард Япон улсын Байгаль орчны яамнаас Токио хотод зохион байгуулсан Joint Crediting Mechanism (JCM) буюу Хамтарсан Кредит олгох Системийн туршлага солилцох семинарт оролцлоо.

       Япон улс Парисын хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах үүргээ биелүүлэхийн тулд хөгжиж буй улс орнуудын ачааллыг багасгах, хүлэмжийн хийн ялгаруулалтад бодит хувь нэмэр оруулах, оруулснаа тоон үзүүлэлтээр тодорхойлсон улс орнуудын тухайн төслийн хүрээнд зарцуулсан зардлын 20-50% хүртэл хэмжээтэй тэнцэх олговрыг төсөл хэрэгжүүлэгч байгууллагад олгохоо албан ёсоор илэрхийлэн, ажиллаж байгаа болон цаашид энэ тал дээр идэвхтэй ажиллахаа семинарт оролцогчдод онцлон илэрхийллээ. Мөн өнгөрсөн хугацаанд Япон улсын туулж өнгөрүүлсэн байгаль орчны бохирдол, эрчим хүчний үр ашиггүй хэрэглээ, хог хаягдлын менежмент зэрэг томоохон хотуудад тулгардаг бүх талын асуудлуудыг даван туулж, оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар өөрийн улсын туршлагаа бусад улс оронтой хуваалцаж хамтран ажиллахдаа ямагт нээлттэй байж, харилцан уялдаатай хамтран ажиллаж, дэлхийн хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад хүчээ нэгтгэж ажиллахаа мэдэгдсэн.

Тус семинарын үеэр Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдлыг товч танилцуулж, хүлэмжийн хийг бууруулах, түүхий нүүрсний хэрэглээг багасгах, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төслүүдэд Хамтарсан Кредит олгох Системийг нэвтрүүлэх, энэ тал дээр бодитой дэмжлэг туслалцаа авч, ажиллах хүсэлтээ илэрхийлэв.

- share

Сэтгэгдэл (0)