Нидерландын Роттердамын Рейн боомт дээр “Хөвдөг ой” төсөл хэрэгжүүлсэн байна


Нидерландын судлаачид тун саяхан зулзаган моддыг усан дээр тарьж ургуулсан байна. Тэд эдгээр моддоо “хөвдөг ой” болгохоор төлөвлөжээ. Тэгвэл модыг усан дээр яаж ургуулах вэ? Энэ тухай ХОУР-гийн сэтгүүлч Пань Сүний ирүүлсэн мэдээллийг хүргэе. Нидерландын Роттердамын Рейн боомтын ойролцоох усан дээр жижиг арал гэхээр ногоон төгөл харагдана. Энэ нь мод тарих өдөр буюу 3-р сарын 16-нд тарьсан Нидерландын “хөвдөг ой” төслийн үр дүн юм. Төслийг санаачлагч Жейк хорин хайлаасыг навигацын хөвүүр дээр суулгаж, хэдэн жилийн дараа эдгээр зулзаган хайлаасаа өтгөн ой болно гэдэгт эргэлзэхгүй байгаа юм.  Жейк “Урьд нь далайн боомт тийм ч сайхан харагддаггүй байсан. Бид энэ газрыг цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчилнө гэж бодож байна. Хүмүүс хөвдөг ойд амарч, шорлог хийж идэх боломж бүрдэх юм. Алсдаа ойг тойрч унадаг дугуйгаар аялах нөхцөлийг бүрдүүлнэ. Ер нь энэ газраар дайрч өнгөрөх хүн бүр “хөвдөг ой”-д эрхгүй татагдаж, дурлах байх гэж бодож байна” гэсэн юм.

“Хөвдөг ой” төсөл нь “Aircraft carrier” компанийн 2012 онд гаргасан шинэ санаачилга юм. Энэ төслийг анх хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй зүйл цөөнгүй тохиолджээ. Ямар мод хамгийн тохиромжтой, юун дээр суулгах гээд тэд маш нарийн судалгаа, туршилт хийж, олон нийтээс санал авсны үр дүнд Нидерландын хайлаасыг навигацын хөвүүр дээр тарьж ургуулах шийдвэр гаргажээ.

Нидерландын хайлаас далайн усны элэгдлийг даах чадвартай бөгөөд Рейн боомтын цаг уурын байдалд дасан зохицох давуу талтай гэдгийг бодит жишээ харуулжээ. Тэд хэрэгцээнээс гарсан навигацын хөвүүрийг дахин ашигласан байна. Тэр нь дотроо 600 литр цэнгэг ус агуулах багтаамжтай юм. Төлөвлөгөө ёсоор бол уг төсөл зулзаган модноосоо ой болтлоо 5-10 жилийн хугацаа зарцуулах юм байна.
“Хөвдөг ой” төсөл хэрэгжиж эхэлсэн нь маш олон барилгын инженер, хот төлөвлөгчдийн талархлыг хүлээсэн байна. Нидерландын нэгэн барилгын компани “хөвдөг ой”-д улам найдвартай ирээдүйн төсөв гаргаж өгчээ. Тэд Роттердамын усан дээр цэцэрлэгт хүрээлэн байгуулах хүсэлтэй юм байна. Барилгын компаний инженер Рамон: “Хэрэгцээнээс гарсан материал ашиглан цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь хотын ногоон талбайг нэмэгдүүлэхэд үнэ цэнэтэй үүрэг гүйцэтгэх юм. Хотын хүн ам нэмэгдэж, цэцэрлэгт хүрээлэн жил ирэх тусам багасаж байна. Үүнтэй холбогдуулж бид усан дээр ажиллах боломжийг хайж болох юм. Усан дээр ой мод ургуулна гэдэг үнэхээр гайхалтай, шинэлэг шийдэл. Энэ нь усан дээрх ногоон талбайг нэмэгдүүлэх төдийгүй экологийн орчныг сайжруулж чадна гэж би бодож байна” хэмээн ярьж байлаа.

Роттердамын Рейн боомтын “хөвдөг ой” төсөл дэлхий нийтийн шинэ төсөлд тооцогдоод зогсохгүй бусад улс оронд ч ой мод ургуулах шинэ санаа, сэдэл өгч байгаа юм.

- share

Сэтгэгдэл (0)