Бор гөрөөсний амийг аварлаа


2017 оны 04 сарын  04-ний өдрийн 16:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20-р  хорооны нутаг, Сэлхийн амны эхэнд оршин суугч Г.Ганбаатарын зэргэлдээ хашааны орчмоос золбин нохдод бариулсны улмаас бэртэж, гэмтсэн бор гөрөөс олджээ.  Уг гөрөөс өмнөх орой нь зэрлэг нохойд хөөгдөн уулнаас хурдтай зугтаан бууж, айлын торон хашааг харалгүй мөргөн 2 эвэр, урд хөлөө хашааны төмрийн завсар зоож шарх аваад зогсохгүй, бөгсөө хүчтэй савснаас болж нуруу, нугасаа гэмтээн, бөгсөн бие нь мэдээгүй болж, хашааны төмөр орооцолдсон байжээ. Бор гөрөөс рүү 2 золбин нохой дайрч байх үед нь иргэн Г.Ганбаатарын 4 настай хүү олж харан, “Авраарай, авраарай” хэмээн орилж, хүмүүсийг дуудан ирүүлж, бор гөрөөсийг нохойд хазуулахаас өмнө нь аварч чаджээ.

Мэдээллийн мөрөөр нийслэлийн Байгаль орчны газраас малын эмч аваачин анхан шатны үзлэг хийлгэж, шархыг боож цэвэрлэсэн боловч бор гөрөөс нуруугаа уруулж, хөл болон нуруу нугасаа хүнд гэмтээсэн тул хөдөлгөөнгүй байлгаж, тэнхэртэл нь тус айлын  зуны байшинд байлган тэнхрүүлж,  сүрэгт нь нийлүүлэн тавихаар шийдвэрлэв.

Иргэн Г.Ганбаатарын гэр бүл болон түүний бяцхан хүү байгаль хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, бор гөрөөсийг хашаандаа байлгаж, арчлан тордож, иргэний үүргээ үлгэр жишээ биелүүлж байгаад нийслэлийн Байгаль орчны газраас талархал илэрхийлье.

Цаашид бэртсэн гэмтсэн, аюулд өртсөн олон амьтдад анхны тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх мал эмнэлгийн байгууллага, мэргэжлийн эмч нартай хамтран ажиллахыг уриалж байна.

Суурьшлын бүсэд орж ирсэн зэрлэг амьтдын талаар мэдээллийг 323780 утсаар мэдэгдэж ажиллахыг хүсье.

- share

Сэтгэгдэл (0)