БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА


                                                          

Нийслэлийн Байгаль орчны газар нь 1924 онд “Улаанбаатар хотын Ойн анги” нэртэйгээр байгуулагдсан. 1988 оноос Улаанбаатар хотын Байгаль орчныг хамгаалах газар, 1997 оноос Нийслэлийн Байгаль орчны хяналтын газар, 2000 оноос Нийслэлийн Байгаль орчин, экологийн хяналтын газар, 2003 оноос Байгаль хамгаалах газар, 2012 оноос Байгаль орчин, ногоон хөгжлийн газар нэртэйгээр тус тус үйл ажиллагаагаа явуулж ирсэн ба 2016 оноос Нийслэлийн Байгаль орчны газар болж, зохион байгуулалтын 5 нэгж, 65 ажилтан, албан хаагчтайгаар ажиллаж байна.

​Тус агентлаг нь нийслэлийн нутаг дэвсгэрт байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, байгаль орчныг хамгаалах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ нийслэл хотын цэвэр технологи, ногоон хөгжлийн бодлого төлөвлөлт, байгалийн баялгийн зүй зохистой ашиглалт, ногоон бүсийн зуслангуудын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлыг хариуцдаг.

Монгол Улсын нийт хүн амын 45 хувь нь амьдарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувийг үйлдвэрлэдэг Улаанбаатар хотын хүн амын өсөлт, үйлдвэржилтийг дагалдан гарч буй байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох, орчны бохирдлыг арилгахад гол үйл ажиллагаагаа чиглүүлж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

  • Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах,
  • Экосистемийн тэнцвэрт байдлыг хангах,
  • Байгалийн баялгийг зүй зохистой ашиглуулах,
  • Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх,
  • Хууль журмыг мөрдүүлэх замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

1.        Байгаль орчны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

  • Байгаль орчинд хортой болон сөргөөр нөлөөлөх үйл ажиллагааг хязгаарлах, байгаль орчны тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх;
  • Байгалийн нөөц /ой, ус, ургамал, амьтан, газрын хэвлийн нөөц баялаг/-ийг ашигласны төлбөр хураамжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу төсөвт төвлөрүүлэх.

2.        Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх бодлогыг хэрэгжүүлэх;

  • Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Нийслэлийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг хамгаалалтад авах талаар санал боловсруулж, шийдвэрлүүлэх;
  • Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрын ашиглалт, хамгаалалтыг удирдан зохион байгуулах.

3.        Амьтан, ургамал, биологийн олон янз байдлын талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх;

  • Амьтан, ургамал, биологийн төрөл зүйлүүдийг хамгаалах, нутагшуулах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах асуудлыг нийслэлийн хэмжээнд мэргэжлийн удирдлага зохицуулалт, арга зүйгээр ханган ажиллах;
  • Биотехникийн арга хэмжээ, амьтан, ургамлын тооллого судалгаа явуулж, мэдээллийн сан бүрдүүлэх.

4.        Газар, газрын хэвлий, түүний хамгаалалт, нөхөн сэргээлт, зохистой ашиглалтын талаарх хууль, журмыг хэрэгжүүлэх

  • Нутаг дэвсгэрийн ашигт малтмалын талаарх мэдээллийг зохих журмын дагуу гаргуулан авах, газар, газрын хэвлийг ашиглах, хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэх;
  • Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох талаар санал боловсруулж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, холбогдох төлбөр, хураамжийг төсөвт төвлөрүүлэх;
  • Газрын хэвлийн нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэх, хяналт тавих, хүлээн авах;
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжих төсөл, арга хэмжээний байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлж, дүгнэлт гаргах.

5.        Ой, усны нөөц, түүний хамгаалалт, зохистой хэрэглээ, нөхөн сэргээлтийн ажлыг удирдан зохион байгуулах;

  • Ой, усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, ус хангамж, ариутгах татуургын болон хаягдал ус зайлуулах үйл ажиллагаанд хяналт тавих;
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт ой, ус, рашааны нөөцийн судалгаа, тооллого явуулж, нэгдсэн бүртгэл хөтлөх, хөв цөөрөм байгуулах.

6.        Орчны бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн гамшгийн эрсдэлийг багасгах бодлогыг хэрэгжүүлэх;

  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцуудыг хэрэгжүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх;
  • Бохирдол, гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаар төсөл хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах;
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг авч ажиллах.

7.        Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх;

  • Нийслэлийн ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, ногоон үзэл хандлагыг дэлгэрүүлэх;
  • Ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн, байгаль орчинд ээлтэй аж ахуй, үйлчилгээ, үйлдвэрлэлийг дэмжих, эко технологи, стандартыг нэвтрүүлэх.

8.        Нийслэлийн ногоон бүс, зуслангийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

  • Нийслэлийн ногоон бүсэд хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулах иргэн, аж ахуйн нэгжийг мэргэжил, арга зүйгээр хангах, байгаль хамгааллын үйл ажиллагаа явуулах;
  • Зуслангийн хөрс, ус, орчны бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх, тохижуулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажлыг зохион байгуулах

           Байгаль орчны газрын тухай

  • 1924 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Аж Ахуйн яамны сайдын 05 тоот тушаалаар” Ойн анги” нэртэйгээр байгуулагдсан.
  • Бүгд Найрамдах Монгол Ард Улсын (БНМАУ) сайд нарын зөвлөлийн 1964 оны 98 дугаар тотоолоор “Ойн аж ахуй”
  • БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1979 оны 01 дүгээр тогтоолоор “Ой, агнуурын аж ахуй”
  • БНМАУ Байгаль орчныг хамгаалах Яамны сайдын 1988 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 19 тоот тушаалаар “Улаанбаатар хотын Байгаль орчныг хамгаалах газар” нэртэй болж
  • 1997 онд”Нийслэлийн Байгаль орчны хяналтын газар”
  • 2000 онд ” Нийслэлийн Байгаль орчин Экологийн хяналтын газар “
  • 2003 онд “Нийслэлийн Байгаль орчны газар”
  • 2005 онд “Нийслэлийн Байгаль хамгаалах газар”
  • 2006 онд Нийслэлийн Байгаль хамгаалах газар нь дэргэдээ “Агаарын чанарын алба-тай”
  • 2010 оны 08 дугаар сард БОГ-т “Ойн алба”-ыг шинээр үүсгэн байгуулсан.
  • 2012 оны Засгийн газрын 190 дүгээр тогтоолоор Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар
  • 2016 оны 08 дугаар сарын 03-ны Засгийн газрын 08 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Байгаль орчны газар болон зохион байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна.

           НБОГ нь :

-  Захиргааны хэлтэс

-  Ойн хэлтэс

-  Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн хэлтэс

-  Зуслангийн товчоо 

- Байгаль хамгаалах тасаг гэсэн үндсэн 5 нэгжээс бүрдэнэ.

 

 

 

- share

Сэтгэгдэл (0)