Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгууллаа.


Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны А/127 дугаар тушаалаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн дагуу аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийн хувийн хэргийн материалыг нийслэлийн Байгаль орчны газарт бүрэн шилжүүлсэн.

Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор тус газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсээс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад нийслэлийн 7 дүүргийн 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл хүрэлцэн ирж, ашиглалтын болон хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөө, тусгай зөвшөөрлийн төлбөр, байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон нөхөн сэргээлт, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдалд анхаарч ажиллах талаар  танилцуулга, мэдээлэл, сонирхсон асуултдаа хариулт авч оролцлоо.

Тус уулзалтад Монгол улсын Ерөнхий сайдын шууд харъяаны Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын ажлын албаны зөвлөх н.Ганбат оролцож, цаашид тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарч ажиллах асуудлаар танилцуулга хийлээ.

Аж ахуйн нэгжүүдийн зүгээс төрийн болон төрийн бус байгууллагуудын удаа дараагийн давхардсан шалгалтууд дарамт учруулж байгаа, байгаль хамгаалах төлөвлөгөөг зарим дүүргийн Засаг дарга шалтгаангүйгээр батлахгүй удаашруулж байгаа асуудлаар гомдолтой байгаагаа илэрхийлж байлаа.

Төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг шуурхай шийдвэрлэж ажиллах талаар холбогдох дүүргүүдэд чиглэл өгч, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах хэрэгтэй талаар уулзалтад оролцогчид дурьдлаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Байгаль орчны газрын

Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтэс

- share

Сэтгэгдэл (0)