ОЙ МОДНЫ ХОРТОН ШАВЬЖТАЙ ТЭМЦЭХ


 

ОЙ МОДНЫ ХОРТОН ШАВЖТАЙ ТЭМЦЭХ

Ойн хортон шавьжтай тэмцэх мэргэжлийн байгууллага нь бэлтгэл ажил, зохион байгуулалтын ажлын хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан, батлагдсан аргазүйн дагуу ойн санд шавьжны судалгаа явуулж, байр зүйн болон ойн тархалтын зураг дээр тэмцлийн ажил явуулах талбайг тэмдэглэн, технологийн картуудыг боловсруулсан байх бөгөөд хөдөлмөр аюулгүй ажиллагааг нарийн баримтлан ажилладаг байна.  

 Ой модны хортон шавьжтай тэмцэхэд ойн мэргэжлийн эрх бүхий аж ахуйн нэгж байгууллага хими, механик, микробиологи, биологи гэсэн аргуудыг хэрэглэдэг байна.

 Мэргэжлийн байгууллагууд өндөг үед нь механик буюу гараар түүж, хүрэнцэр үед нь авиахимийн болон микробиологийн аргаар, бие гүйцсэн эрвээхий үе шатанд нь феромонт болон гэрлэн урхи ашиглан устгадаг.

-Механик аргаар тэмцэх: Хөнөөлт шавьж ихээр тархсан талбайг тусгаарлаж, шон тэмдэг тавих, Эрвээхэйн өндгийг хусаж цуглуулах уут сав, хусуур бэлтгэх, түүж авсан өндгийг газарт булах.

-Хими биологийн аргаар тэмцэх: онгоцоор хор, шүрших утаа тавигч багаж ашиглах, хөнөөлт шавьж ихтэй талбайд гар аргаар хор цацах

-Хөнөөлт шавьжтай тэмцэхэд агаарын температур маш чухал. Тухайлбал 10-20 хэмийн хооронд байхад 5м/сек-ээс ихгүй байх үед, салхины чиглэлийн дагуу салхи тогтуун, агаарын температур харьцангуй бага үе болох өглөө 5 цагаас 11 цагийн хооронд,орой 16 цагаас 21 цагийн хооронд тохиромжтой байдаг байна.

Бичил цаг агаарын хэмжигч багажуудаар тухай бүрд нь хэмжилт хийж агаарын температур, салхины хурд, агаарын чийгшилт зэргийг хэмжиж тэмцлийн ажлыг хийгүй бол агаарын температур өндөр үед хор нь агаарт амархан ууршдаг, агаарын температур бага үед шавьжны идэвхижилт бага байдаг ба салхины чиглэл, хурдаас шалтгаалж  хор буух газраа буухгүй өөр газарт бууж хороо дэмий алддаг байна.

Хортон шавьжтай тэмцэхдээ иргэд дараах зааврыг анхаар шаардлагатай.

  • Ойн хортон шавьжтай тэмцэхэд хөнөөлт хортон шавьжийг таних маш чухал. Манай орны навчит болон шилмүүст ойд хөнөөл учруулж голлон тархаж  буй Өрөөсгөл хүр эрвээхэй, Эгэл бийр сүүлт эрвээхэй, Якобсоны төөлүүрч, Сибирийн хүр эрвээхэй зэрэг олон төрөл зүйлийн шавьж байдаг бөгөөд экологи, биологийн өөр өөрийн онцлогтой.
  • Иргэд хортон шавьжтай тэмцэхдээ механик аргаар тэмцэнэ. Хүн бүр аюулгүй ажиллагааны дүрэм баримтлаж ажиллах бөгөөд бээлий, амны хаалт, нүдний шил хэрэглэх шаардлагатай.
  • Танай гэр, албан байгууллагын хашаа, гэрлэн дор эрвээхэй ихээр цугларсан тохиолдолд устгах ажлыг түргэн хугацаанд зохион байгуулаарай.
  • Эрвээхэйн өндгөө шахсан тохиолдолд эрвээхэйн өндгийг хусаж тухайн газрыг угаалгын нунтаг ариутгагчаар цэвэрлэх, модон дээрх хүрэнцрийг доргиож унагах эсвэл түүж авах аргаар устгах бол ихээр цугласан эрвээхийг 20-30 см ухсан нүхэнд булж устгана.
  • Эрвээхэй нь гэрэлд дуртай бөгөөд шөнийн идэвхтэй / 22:00 -02:00 цагийн хооронд/ ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг. Энэ тоосонцор нь хүний биед харшил үзүүлдэг.
  • Хортон шавийн устгалийн ажил явуулахдаа:

- Ажлын хувцас, бээлий өмсөж, нүдний шил зүүх /тоос нэвтрэх, харшил хөдлөхөөс урьдчилан сэргийлэх/

-Амны хаалт хэрэглэх /үл үзэгдэх тоосонцороос хамгаалах/

- Эрвээхэй хийх сав / шуудай /, Хүрз бэлтгэх

- Ихээр цугласан эрвээхэйг хүрзээр шуудайд хийх

- Шуудайлсан эрвээхэйг нүх ухаж эсвэл ухсан нүхэнд хийж шороо, чулуугаар булах

- Булах нүхний хэмжээ нь устгах эрвээхэйн овор хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байх бөгөөд газрын гадаргаас 20-30см доор булсан байна.

 

ХОРТОН ШАВЬЖНЫ ТУХАЙ

Ойн хортон шавжийг ой модонд учруулж буй хор хөнөөлөөс нь хамааруулж: 1. Физиологийн /навч, шилмүүс, найлзуурын шүүсийг сорж ургамлыг хатаах/ 2. Физиологи ба техникийн /навч, шилмүүс, найлзуурыг идэж гэмтээх, ур үүсгэх, хэлбэр дүрсийг алдагдуулах г.м/ 3. Техникийн /долон, модлог эдийг идэж зам гарган гэмтээх/ гэж ангилдаг.

Ойн хортон шавжийг хоол тэжээлийн байдлаас нь хамааруулж дараах экологийн бүлэглэл болгон хуваадаг. 1. Үр боргоцойн 2. Нахиа найлзуурын 3. Навч, шилмүүсийн 4. Иш, холтосны 5. Үндэсний

Экологийн бүлэглэлийн эзлэх хувиас нь хамааруулж навч шилмүүсний хортон шавжийг “Анхдагч хортон” иш, холтосны хортон шавжийг “Хоёрдогч хортон” гэж ангилдаг

СИБИРИЙН ХҮР ЭРВЭЭХЭЙ (DENDROIMUS SUPERANS SIBIRICUS)

Хайрсан далавчтны (Lepidoptera) баг  хүр эрвээхэй (Lasiocmpidae)-н овогт орно. Өмнөд далавч нь саарал өнгөтэй, дээд талдаа хар хүрэн судлуудтай, түүний хоёр нь далавчны үзүүрт ойрхон байрладаг. Далавчны дээд хэсэгт муруй тахир судал байх ба голын хэсэгтээ цагаан толботой.

Эрвээхэйн бие нь үнсэн саарал ба хар саарал үсээр бүрхмэл юм. Эрэгчний сахал нь дэл хэлбэртэй, эмэгчнийх богинохон дэлэрхэг хэлбэртэй байдаг. Далавчны дэлгэмэл эмэгчнийх 65-69 мм, эрэгчнийх нь 50-80 мм урт.

Нэг эмэгчин эрвээхэй дунджаар 250-330 ширхэг өндөг гаргадаг бөгөөд өндөгнөөс 15-25 хоногийн дараагаар хүрэнцэр  бий болж 2-3 удаа  гуужин томорч, биеийн урт 0,1-0,5 см болох бөгөөд 9-р сарын эхээр хөрсний өнгөн хэсэгт 2-6 см-ийн гүнд орж ичдэг. Дараа жилийн хавар 4-р сарын сүүлч 5-р сарын эхээр ичээнээс гарч модонд авиран, намар орой болтол 3-4 удаа гуужиж, өсөж томорсны эцэст 53,3 мм орчим урттай болж, дахин хөрсөнд орж ичдэг.

Дараа жилийн хавар ичээнээс гарсан хүрэнцэр богино хугацаанд хэд хэдэн удаа гуужиж, хөгжин 8,5см хүртэл өсдөг ба 5-р сарын дунд үеэс 6-р сарын сүүлч хүртэл 35-40 хоногийн дотор модны шилмүүсийг асар богино хугацаанд идэж сүйтгэдэг. Өөрөөр хэлбэл 3-дахь жилдээ ичээнээс гарсан хүрэнцэр нь хүүхэлдэй, бие гүйцсэн эрвээхэй болоод эвцэлдээнд орж өндөгөө шахаад үхэх хүртэлх хугацааандаа хэрэглэгдэх идэш тэжээл бүхий энергээ нөхөн авдаг. Нас гүйцсэн хүрэнцэрийн хоёр, гуравдугаар цагираг дээр хөхөвтөр туяатай хөндлөн хар судалтай, богинохон үстэй, харин 3,4-р үеүд дээр хар хөх өнгийн багц үс бий. Биеийн бүх гадаргуу нилээд урт үсээр бүрхмэл ба нуруун талынх нь хар өнгөтэй, хажуу талынх мөнгөлөг саарал өнгөтэй.

Хүүхэлдэй хар хүрэн буюу хар өнгөтэй, 40-60 мм урт. Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэр бүх төрлийн модонд хөнөөл учруулдаг. Гэхдээ ихэвчлэн Шинэс, Хушны шилмүүсээр хооллодог. 7-12 насны залуу шилмүүст модонд 10-24 ширхэг хүрэнцэр ноогдвол уг мод нөхөн ургах чадвараа 100% алддаг байна. Идэш тэжээл хүрэлцэхгүй үед модны залуу мөчир, холтос, боргоцой зэргээр хооллодог байна.

Тэмцэх хугацаа: хамгийн оновчтой хугацаа нь хүрэнцэр  шилмүүсээр хооллож байх буюу эхний жил хавар 5-р сарын 25-наас 6-р сарын 20-ны хооронд, намар 8-р сарын 10-наас 10-р сарын 01 хооронд, хоёр дахь жил 5-р сарын 25-наас 10-р сарын 01-ны хооронд байдаг байна.

Якобсоны төөлүүрч эрвээхэй (ERANNIS JACOBSONI DIAK)

Хайрсан далавчтаны (Lepidoptera) баг төөлүүр (Geometridae)-ийн овог.

Бие гүйцсэн эрвээхэйн биед хүйсний ялгаа буюу бэлгийн демофизм тод илэрдэг. Өөрөөр хэлбэл, эр, эм эрвээхэй өөр хоорондоо гадаад бүтэц, хэлбэрээрээ эрс ялгаатай байдаг. Эрэгчин нь тод цайвар өнгийн далавчтай түүний дэлгэмэл урт нь 2,5-2,8 см хүрдэг, өмнөд далавч нь бараан өнгийн хөндлөн судалтай, сам хэлбэрийн утаслаг сахалтай, эм эрвээхэй далавчгүй бөгөөд хар, цагаан өнгийн үсээр битүү хучигдсан тул энгийн  нүдээр алаг өнгөтэй харагддаг. Биеийн урт 2см. Тод шар өнгөтэй зуйван хэлбэртэй, барзгар гадаргуутай, урт нь 10мм, өргөн нь 6-6,5 мм байдаг. Уг эрвээхэйн өндөг модны холтосны ан завсар байрладаг.

Хүрэнцэрийн бойжилт буюу гуужилтын тоо нь газарзүй ойн ургамалжилтын онцлогоос шалтгаалж, тархсан газар бүрд харилцан адилгүй байна. Хүрэнцэр нь идэвхтэй, идэвхгүй гэсэн орон зайд шилжих хөдөлгөөн хийдэг. Хүрэнцэр 4-5 удаа гуужсны дараа хүүхэлдэйн шатанд шилждэг.

Хуүхэлдэйн бие нь гялалзсан тод хүрэн өнгөтэй, гаднаа уутан бүрхүүлгүй чөлөөт хэлбэртэй биеийн төгсгөл нь сэрээ хэлбэртэй хурц байна. Биеийн урт нь эр, эм хүүхэлдэйд ижил байдаг боловч биеийн өргөн нь эм хүүхэлдэйд эрийнхээс 0. 3 мм-ээр, биеийн жин 10 мгр-аар илуу байдаг. Эмэгчний биеийн жин нь ойролцоогоор 89.3 мгр, эрэгчнийх 79,3 мгр байна. Хүүхэлдэй нь хөрсний өнгөн давхраанд толгой хэсэг нь доош харан байрлана.

Якобсоны төөлүүрч эрвээхэйн хүрэнцэр шинэсний шилмүүсийг үгүйртэл идэж амьдралын хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг байна.

Тэмцэх хугацаа: Тэмцэл явуулах хамгийн тохиромжтой оновчтой хугацаа нь төөлүүр эрчимтэй хооллож байх үе буюу 5-р сарын 25-наас 7-р сарын 15-ны хооронд юм.

 

          Якобсоны төөлүүрч эрвээхэй

Эгэл бийрэн сүүлт эрвээхэй ( ORGYIA ANTIQUA L.)

Хайрсан далавчтаны (Lepidoptera) баг, Оргийд (Orgyidae)-ийн овог. Эрэгчин эрвээхэй бор шаргал зүстэй, өмнөд далавчны хойд зах орчимд таслал маягийн тод цагаан толботой, дэл хэлбэрийн сахалтай, дэлгэмэл далавчны урт 25-30 см, эмэгчин эрвээхэйн далавч дөнгөж мэдэгдэм төдийхөн байдаг тул нисэж чаддаггүй, харин хөлний хөгжил сайн бүдүүн махлаг биетэй, бор саарал өнгөтэй байдаг. Өндөг нь бөөрөнхий хэлбэртэй  хоорондоо нягт наалдсан бүдэг сааралдуу өнгөтэй. Хүрэнцэр бол хүрэн өнгөтэй, хэвлийн төгсгөлд нэг, толгойн хойд хэсэгт ба хэвлийн хоёр хажууд нэг хос бол өнгийн бийр хэлбэрийн багц үстэй, хэвлийн 4-8-р цагираг дээр шар өнгийн сойз хэлбэрийн багц үстэй, биеийн урт 30-35 мм байдаг. Хүүхэлдэй нь гялалзсан хар бараан өнгөтэй, 15-18 мм урт, биеийнхээ төгсгөлд гох дэгээтэй бөгөөд түүний тусламжтайгаар модны мөчрөөс зүүгдэн байрлана. Эрвээхэй 8-р сарын 10-наас 8-р сарын 20-ны хооронд эвцэлд ордог. Эмэгчин эрвээхэй өндөгөө багц багцаар шахах бөгөөд 230-300 орчим ширхэг өндгийг модны мөчир, холтосны завсарт гарган, өндөгнүүд тэндээ өвөлжинө. Хавар 5-р сарын 20-ноос өндөгнөөс хүрэнцэр гарч 7-р сарын сүүл хүртэл шилмүүсээр хооллон, 5 удаа гуужин өсөж хүүхэлдэйн шатандаа шилждэг. Хүүхэлдэй 7-15 хоногийн дараа эрвээхэй болж ниссэнээр нэг үе дуусдаг.

Тэмцэх хугацаа: Тэмцэх хамгийн оновчтой хугацаа нь хүрэнцэр шилмүүсээр хооллож байх үе буюу 5-р сарын 25-наас 7-р сарын 25-ны хооронд болно.   

Эгэл бийрэн сүүлт эрвээхэй

Өрөөсгөл хүр эрвээхэй (OCNERIA DISPAR L.)

Өрөөсгөл хүр эрвээхэйн эмэгчин нь биеэр том, цагаан шаргалдуу өнгөтэй, дээд далавчин дээрээ хар, шар бараан өнгүүд хосолсон долгиотсон хөндлөн зураастай. Эрэгчин нь жижигхэн, шаргалдуу, бор шаргал өнгөтэй, урд далавчин дээрээ олон өнгөөс бүрдсэн бараан хөндлөн судлуудтай. 8-р сарын дунд үеэс үй олноороо нисэн эвцэлд орж 8-р сарын сүүлч 9-р сарын эхээр өндөгөө хад асга, байшин, гэрийн хана, туурга зэрэг нөмөр газар шахан тэндээ өвөлжинө. Өвөлжсөн өндөгнөөс хавар 5-р сард эхний хүрэнцэрүүд гарч аль залуу модны навч, нахиагаар хооллох бөгөөд олширсон жилдээ модонд нэг ч навч, шилмүүс үлдээлгүй иддэг. Хүрэнцэр нь саарал өнгөтэй бүх бие нь үсээр хучигдсан бөгөөд цээжин биеийн эхний 6 цагираг дээр хөх, бусад дээр нь тод улаан товгорууд байна. Хүрэнцэр 40-50 хоногийн туршид амьдрах хугацаандаа эр хүрэнцэр 5 удаа, эм нь 6 удаа гуужин өснө. Хүрэнцэр 7-р сарын дунд үеэс хүүхэлдэйн шатандаа шилжиж 15-20 хоногийн дараа эрвээхэй болно.

НАРСНЫ НАЙЛЗУУРЫН ДАВИРХАЙЧ ЭРВЭЭХЭЙ - Evetria Resinella L.

Эрвээхэй нь бүүдгэр хар хүрэн, дэлгэмэл далавчны урт 2,2 см. Эрвээхэй 5, 6-р сард нисэж нийллэгт орж өндөглөнө. Өндөг нь 2 мм орчим, улаан хүрэн, их төлөв өсвөр нарсны мөчир дээр 2-3 ширхгээр тохиолдоно. Өндөгний хөгжил 6-р сарын дунд үеээс 7-р сарын дунд үе хүртэл үргэлжилж түүнээс бойжлын эхэн үеийн хүрэнцэр гарна. Хүрэнцэр 1,6 см орчим урт, толгой хар хүрэн, бие нь нилдээ шар хүрэн. Тэрээр шаравтар өнгийн давирхайн дугтуй дор амьдарна. Хүрэнцэр 2 удаа өвөлжин 4-р сарын сүүлчээс давирхайн дугтуй дор хүүхэлдэйлнэ. Хүүхэлдэйн бие 1 см орчим урт, хар хүрэн өнгөтэй. 2 жилийн хөгжлийн мөчлөгтэй.

 

Найлзуурын давирхайч эрвээхэй - Evetria resinella L.

1.давирхайн ур; 2.эм эрвээхэй; 3.хүүхэлдэй; 4.хүрэнцэр; 5.хоосон ур, 5.Өсвөр нарсны найлзуурын зангилаа орчимд үүсгэсэн давирхайн булцуу

СИБИРИЙН ХҮР ЭРВЭЭХЭЙ - Dendrolimus Sibiricus Tshetw.

Сибирийн хүр эрвээхэй бор сааралдуу өнгөтэй, дэлгэмэл далавч ойролцоогоор 8 см. Эрэгчин нь эмэгчнээсээ харьцангуй жижиг, эмэгчин нь богинохон маажуурлаг сахалтай. Эрвээхэйн нисэлт 6-р сарын сүүлчээс 7-р сарын сүүлч хүртэл үргэлжилж өндөглөнө. Өндөг нь 2 мм орчим урт, 1, 2 түүнээс олон тоогоор шинэсний мөчир, шилмүүс хааяа гол иш дээр тохиолдоно. Өндөгнөөс бойжлын эхэн үеийн хүрэнцэр гарч 5-6 удаа гуужин, 2 удаа өвөлжиж 6-р сарын сүүлчээс 7-р сарын сүүлч хүртэлх хугацаанд шинэсний мөчир, гол иш дээр хүүхэлдэйлнэ. Бойжилт гүйцсэн үеийн хүрэнцэрийн бие 11 см, хар толбо бүхий мөнгөлөг, гялалзсан өнгөтэй. Хоёр дахь удаагаа өвөлжсөн хүрэнцэр 6-р сарын сүүлч 7-р сарын эхээр мяндаслаг шүүрлээрээ хонгио бэлдэж тэндээ хүүхэлдэйн шатандаа шилжинэ. Хүүхэлдэй нь хар хүрэн, хар өнгөтэй, 5 см орчим урт байх ба 7 см урт, цайвар өнгийн нягт, мяндсан дугтуйд байна. Хүүхэлдэй нь 19-21 хоногийн дараа эрвээхэй болно. 2 жилийн хөгжлийн эргэлттэй. Эрвээхэй болж нисэн эвцэлд орж өндөг гаргаад үхэх хүртэл хугацаанд хэрэглэгдэх бүх нөөц бодис, энергийг зөвхөн хүрэнцэрийн шатанд хуримтлуулна. Тиймээс ч бусад шавжийн хүрэнцэрийг бодвол өл даах чадвараар сайн байдаг учраас зарим гантай жил идэш тэжээл огт хэрэглэхгүй байж чаддаг байна

НАРСНЫ  ХҮР ЭРВЭЭХЭЙ - Dendrolimus pini Linn.

Эрвээхэйн далавчны дэлгэмэл урт 9 см, нарсны холтосны адил бүүдгэр хүрэн, шар хүрэн өнгөтэй боловч тархсан тухайн орчноосоо хамаарч өнгө зүс нь маш их хувирамтгай. Далавч дээр хар юмуу улаан хүрэн өнгийн долгиотсон 3 хөндлөн судалтай, дунд хэсэгтээ хагас сар хэлбэрийн толботой. Эрвээхэй нь 6, 7-р сард их төлөв шөнө олноор нисэж нийллэгт орно. Эмэгчин эрвээхэй 7, 8-р сард 250-300 өндөг гаргах бөгөөд өндгөө нарсны шилмүүс, мөчир дээр эмх замбараагүй шахдаг. Өндөг нь бүүдгэр саарал, 2 мм орчим урт. Өндөг эхлээд цайвар ногоон байснаа аажмаар бор ногоонд шилжинэ. Өндөгнөөс 14-21 хоногийн дараа 16 хөлтэй, үсэрхэг 2-3 дугаар цагираг дээрээ 2 хөндлөн хөх зураастай хүрэнцэрүүд бий болно. Хүрэнцэрийн бие 9 см урт, цайвар хүрэн, бүүдгэр эсвэл мөнгөлөг саарал өнгөтэй. Хүрэнцэр хавар, зун, намрын турш нарсны шилмүүсээр хооллон хоёр дахь жилийн 6, 7-р сард нарсны иш мөчир, титэм дээр хүүхэлдэйлнэ. Хүүхэлдэйн бие хар хүрэн, хүрэн бүүдгэр өнгөтэй, 2,5-4,5 см урт. 3-5,5 см урт саарал өнгийн мяндсан дугтуйд байрлана.

Нарсны  хүр эрвээхэй - Dendrolimus pini Linn.

/WWF-“Ойн хортон шавьжтай тэмцэх” гарын авлагаас/

 

 

 

 

 

- share

Сэтгэгдэл (0)