Уур амьсгалын өөрчлөлт болон хотуудын үүрэг оролцоо


Дэлхийн хэмжээнд хүйтэн өдөр, шөнийн тоо буурч, харин дулаан өдөр, шөнийн тоо нэмэгдэж байна. Дэлхийн дулаарлын улмаас дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын цасан бүрхүүл 20-р зууны дунд үеэс багасаж эхэлсэн ба зарим бүс нутагт 1975-2005 оны хооронд газрын хөрсний температур 2-3°C дулаарч, цэвдгийн зузаан нь багасч тархах хүрээ нь хумигдсан байна. Дэлхийн хэмжээгээр дундажласан далайн түвшний нэмэгдэлтийн хурд 1901-2010 оны хооронд жилд 1.7 мм байсан бол 1971-2010 оны хооронд 2 мм, 1993-2010 оны хооронд 3.2 мм тус тус байсан байна.

Дэлхийн дулаарал ийнхүү хурдацтай явагдаж байгаа нь дэлхийн агаар мандал дах хүлэмжийн хийн ялгарал (ХХЯ) ихэссэнтэй холбоотой. Дэлхийн гадаргуу орчмын агаарын 78% нь азот, 21% нь хүчилтөрөгч, үлдсэн 1% нь бусад төрлийн хийнүүд байдаг. Нүүрсхүчлийн хий дэлхийн агаарын дөнгөж 0.03-0.04%-ийг эзэлдэг. Усны уур, нүүрстөрөгчийн хий болон бусад хийнүүд дэлхийн гадаргуугаас ойх, дулааны цацаргийг өөртөө шингээдэг. Нарнаас эх дэлхийд бууж буй энергийн тодорхой хэсэг нь эргээд сансрын уудам руу ойх замаар газрын гадаргуу орчмын агаарын давхаргын дулааны баланс хадгалагдах ёстой. Гэтэл хүний үйл ажиллагаанаас болж дулааны цацаргийг өөртөө шингээх чанартай хийн ялгарал сүүлийн 150 жилд эрс нэмэгдэж, агаар мандал дахь түүний агуулга ихээхэн өссөн байна. Хүлэмжийн хийн энэхүү эрчимтэй ялгарал дэлхийн уур амьсгалыг өөрчлөх гол хүчин зүйл болж байна. Дэлхий дээр хүний үйл ажиллагааны үр дүнд үүсэх ХХЯ нэмэгдэхийн хирээр хүлэмжийн хийн давхрага зузаарч дэлхийн агаар мандал ба газрын гадаргуугаас эргэж сансар руу ойх ёстой цацрагийн хэмжээ буурна. Түүнээс шалтгаалан газрын гадаргуу халж улмаар агаарын температур аажим аажмаар өсч дэлхийн дулаарал үүснэ.

Харин Монгол Улсын нутгаар жигд шахам тархан байрласан цаг уурын 48 өртөөний 1940-2013 оны мэдээгээр газар орчмын агаарын температур (2м өндөрт) 2.07°C-аар дулаарсны дотор уулархаг нутгаараа арай эрчимтэй, говь, тал хээрийн бүсд арай бага хэмжээгээр дулаарсан байна. Сүүлийн 74 жилийн дотор хамгийн дулаан 10 жил цөмөөрөө 1997 оноос хойш тохиолджээ. Агаарын дулаан хүйтний хувьд илт мэдэгдэж байгаа нэг онцлог өөрчлөлт бол эрс халуун өдрийн тоо огцом нэмэгдэж, их хүйтэн өдрийн тоо хорогдож байгаа явдал болно. Хур тунадасны өөрчлөлтийг үзвэл 1961 оноос хойш дулаан улирлын болон зуны хур тунадас ихэнхи нутгаар 0.1-2.0 мм/жил-ийн хурдтай буурч байна.

Эдгээр цаг уур болон уур амьсгалын өөрчлөлт нь хүн ам ихээр төвлөрсөн хот, суурин газруудад шууд нөлөө үзүүлэх бөгөөд зарим талаар хот, суурин газрын эмзэг байдал, уур амьсгалын өөрчлөлтөд (УАӨ)-д өртөх эрсдэлтэй байдлыг нэмэгдүүлж байна. Иймд УАӨ-д дасан зохицох, даван туулах асуудалд хотуудын үүрэг, оролцоо улам бүр нэмэгдэж байгаа. Учир нь одоогийн байдлаар дэлхийн хүн амын 54% нь хот, суурин газарт амьдарч байгаа бөгөөд Нэгдсэн үндэстний байгуулага (НҮБ)-ын 2050 он гэхэд 66% хүрэх хүрэхээр байна. Тасралтгүй нэмэгдэж байгаа хотжилтын эрчим Ази, Африкт хамгийн өндөр байж энэ зууны хагас гэхэд энэ хоёр тивийн хотуудын хүн ам 2.1 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа аж. Уур амьсгалын өөрчлөлтийг гол үүсгэгчид нь гол үйлдвэрлэгчид болох хот, суурин газрууд болохын зэрэгцээ түүний хор хөнөөлийг хамгийн ихээр хүлээн авч буй газрууд нь хот суурин газар, тэдгээрийн хүн ам болоод буй юм.

Монгол Улс болон Улаанбаатар хотын хувьд хүлэмжийн хийн ялгаруулалт харьцангуй багатай боловч уур амьсгалын өөрчлөлтийн хор хөнөөл газрын доройтол, агаарын бохирдол, цөлжилт, усны болон ойн сангийн хомстол, байгалийн гамшигт үзэгдлийн тоо давтамж зэргээр хүчтэй илэрч байна.  Монгол Улсын нийт хүн амын 47% нь Улаанбаатар хот хотод төвлөрч байгаагаас гадна ХХЯ-ын гол эх үүсвэр болсон нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд, эрчим хүчний томоохон хэрэглэгчлийн ихэнхи нь Улаанбаатар хотод байгаа нь ХХЯ-ыг бууруулахад Улаанбаатар хотын үүрэг их байгааг харуулж байна.

Зорилтот хувь нэмрийн талаар ерөнхий ойлголт 

2014 онд Лимад хуралдсан Конвенцийн Талуудын 20 дугаар бага хурлаас гаргасан баримт бичгийн 2 дугаар бүлэгт, УАӨ-ийг сааруулах үйлсэд өөрийн зүгээс ямар хувь нэмэр оруулах зорилт дэвшүүлж байгаагаа тодорхойлохыг улс бүрт уриалсан. Конвенцийн 2 дугаар бүлэгт агаар мандал дах хүлэмжийн хийн агууламжийг тогтворжуулах, УАӨ-ийн аюулыг бууруулахтай холбоотой олон улсын гэрээний үндсэн зарчмуудыг тодорхойлсон.

Дэлхийн УАӨ-ийг сааруулах талаар олон улсын түвшинд хэрэгжүүлэх ёстой эдгээр зарчмуудыг үндэслэн Монгол улс бусад улс орны нэгэн адил зорилтод хувь нэмэр (ЗХН)-ээ тодорхойлох нь хүлээх үүрэг хариуцлага, нөөц боломж, үйл ажиллагааны талаарх саналаа харилцан солилцох нөхцлийг бий болгоно. Мөн түүнчлэн, хэрэв тухайн улс хүсвэл шаардлагатай технологи, санхүүгийн хэрэгцээгээ тодорхойлох боломжтой болно. Улс орон бүр дэлхийн УАӨ-ийг сааруулахад оруулах ЗХН-ээ тодорхойлохдоо үндэсний онцлогт нийцсэн ямар ч арга зам, хувилбарыг санал болгож болно.

Ийнхүү баримт бичгийг өндөр хөгжсөн болон хөгжиж байгаа нийт улс гүрнүүд дэлхийн УАӨ-ийг сааруулахад оруулах хувь нэмрээ тодорхойлж 2015 оны сүүлчээр Франц улсын Парис хотноо болсон НҮБ-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн конвенц (УӨСК)-д Оролцогч талуудын 21-р бага хуралд оруулах жишгийн дагуу боловсруулж УӨСК-ийн нарийн бичгийн дарга нарын газарт 2015 оны 9-р сард албан ёсоор хүргүүлсэн байна.

 

Монгол улсын Зорилтот хувь нэмрийн танилцуулга

Монгол Улсын Засгийн газраас уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ХХЯ-ыг бууруулахад чиглэсэн үндэсний хэмжээний бодлого, арга хэмжээг зохицуулах, удирдлагаар хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар удирдуулсан салбар дундын Уур амьсгалын үндэсний хороо байгуулсан ба экосистем, эдийн засгийн салбаруудад холбогдох нөлөөлөл, эрсдлийн судалгаа, үнэлгээний ажлууд хийгдсэн байна (MNE 2006, БОАЖЯ 2009, MNET 2010). Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлаар 2011 онд батлагдсан “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр” (УАӨҮХ) болон Уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний хоёрдугаар илтгэл (УАӨҮИ-2014), Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол улсын оруулах хувь нэмэр (МУОХН-2015) зэрэг бодлогын баримт бичгүүдэд Монгол улсын хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратегийн зорилтуудыг аж ахуйн салбаруудаар тодорхойлсон байна.

Монгол Улсын зорилтот хувь нэмэр (МУЗХН)-ийн үзэл баримтлал нь 2014 онд Монгол Улсын УИХ-аар батлагдсан “Ногоон хөгжлийн бодлого”-д тулгуурласан. Энэхүү Ногоон хөгжлийн бодлогод эрчим хүчний салбарыг оролцуулан үндэсний хэмжээнд эдийн засгийн голлох салбаруудын үйл ажиллагааны төлөвлөгөөг нийцүүлэн уялдуулж өгсөн. Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хэмжих гол үзүүлэлтэд эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарал (ХХЯ) болон дотоодын нэгж бүтээгдэхүүнд ногдох экологийн ул мөр гэх мэт орсон. Монгол Улсын УИХ-аар 2011 онд батлагдсан “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр” (УАӨҮХ) нь эдийн засгийн голлох салбаруудыг хамарсан УАӨ-ийн эсрэг хариу арга хэмжээг багтаасан. Эдгээр болон бусад холбогдох үндэсний хэмжээний бодлогын баримт бичгүүд нь оролцогч талуудын удаа дараагийн өргөн хүрээний цогц хэлэлцүүлгээр оруулж, нягтлан боловсруулсан энэхүү МУЗХН-ийг тодорхойлох үндэс болсон байна.

Монгол улс ийнхүү өөрийн ЗХН-тээ эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуй болон хог хаягдлын салбарт 2030 он хүртэл хэрэгжүүлэх үүрэг хүлээн хэд хэдэн бодлого, арга хэмжээг тусгасан. Эдгээр бодлого, арга хэмжээний үр дүнд эдийн засгийн хөгжлийн өнөөгийн сценари (Business-as-usual BAU)-тай харьцуулахад 2030 он гэхэд хүлэмжийн хийн нийт ялгарал (газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт ба ойн салбар ороогүй) 14%-аар буурахаар байна. Эдгээр болон бусад боломжит зоримог үүрэг амлалтын биелэлт нь Конвенцийн хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн механизм ба арга хэрэгслээр дамжуулан шинэ технологи нэвтрүүлэх, санхүүгийн дэмжлэг авах боломж, нөхцөл хэр зэрэг байхаас ихээхэн хамааралтай юм.

 

Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага

Уур амьсгал

Харьцангуй хамгийн урт ажиглалтын цуваатай Буянт-Ухаа (1940-2015), Улаанбаатар (1966-2015) цаг уурын станцын мэдээгээр жилийн дундаж агаарын температур -4.4-өөс +2.0oC, жилийн нийлбэр хур тунадас 61.1-403.6 мм-ийн хооронд хэлбэлзэж байна. Агаарын температурын үнэмлэхүй их утга 2005 оны 7-р сарны 15-ний өдөр 39.5 oC, үнэмлэхүй бага утга 2001 оны 1-р сарын 9-ний өдөр -46.7 oC тус тус хүрч байв. Хоногийн хамгийн их хур тунадас 1967 оны 6-р сарын 16-нд 82.5 мм гэж бүртгэгджээ. Зуны хур тунадас дундажаар жилийн нийлбэр тунадасны 70%, харин өвлийн тунадас 3%-ийг л эзэлдэг байна. Эдгээр уур амьсгалын үндсэн хувьсагчдын хэлбэлзэл, тоон утгаас харахад Улаанбаатар хотын уур амьсгалыг температурын далайц ихтэй, эх газрын эрс тэс, хур тунадас дутмаг, хуурайдуу гэж тодорхойлж болохоор байна.

 

Уур амьсгалын өнөөгийн өөрчлөлт

Улаанбаатар хотын уур амьсгал дэлхийн дулааралтын нөлөөгөөр өөрчлөгдөж байна. Зураг 4.1 болон Зураг 4.2 Буянт-Ухаа, Улаанбаатар цаг уурын станцын жилийн дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны 1961-1990 оны дундажаас хазайх хазайлтын олон жилийн явцыг үзүүлэв. Тэдгээрийн өөрчлөлтийн явц үндсэндээ адилхан, 1980-аад оны сүүлээр эрчимтэй дулааралт ажиглагдаж өнөөг хүртэл харьцангуй дулаан жилүүд  хур тунадасны хувьд хуурай болон хур бороо ихтэй үе ажиглагдаж байгаа хэдий ч 1990-ээд оны эхнээс өнөөг хүртэл хур тунадас багатай жилүүд тус тус үргэлжилж байна.

Улаанбаатар хотын улирлын уур амьсгалын өнөөгийн өөрчлөлт, 1940-2015

Улирал

Температур, oC

Хур тунадас, мм

1961-1990 оны дундаж

Өөрчлөлт

1961-1990 оны дундаж

Өөрчлөлт (%)

Өвөл

-22.5

3.7

5.2

2.0 (38%)

Хавар

-0.2

2.5

24.0

13.6 (57%)

Зун

15.3

2.2

184.0

-24.1 (-13%)

Намар

-2.4

2.2

35.6

-3.1 (-9%)

Жил

-2.5

2.6

248.7

-11.7 (-5%)

 

 

- share

Сэтгэгдэл (0)