Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга зам, стратеги


Дасан зохицох арга хэмжээг ерөнхий нөхцөл байдлаас нь хамааруулж тосгуулан (угтуулан) дасан зохицох, өөрөө дасан зохицох, төлөвлөгөөт дасан зохицох гэж 3 хувааж үзэх (ГОУХАН, 2014) ба эдгээрийн аль аль нь чухал болно. Өнөөдрийн нөхцөлд төлөвлөгөөт дасан зохицох арга хэмжээ голлох үүрэгтэй боловч энэ нь дан ганц Засгийн газраас бус харин үндэсний, бүс нутгийн, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд зэрэг холбогдох бүхий л талуудын идэвхитэй, тогтвортой оролцооноос хамаарч байдаг. Нөгөө талаас дасан зохицох арга хэмжээнүүдийн үр дүн нь богино хугацаанд төдийлөн илрэхгүй бөгөөд  их хэмжээний хөрөнгө, хүчин чармайлт гаргасны эцэст алсдаа үр дүн нь харагддаг байна. Иймд дасан зохицох арга хэмжээг авч хэрэгжүүлэх явцад байнгын мониторинг үнэлгээ хийж, үүний үндсэн дээр тасралтгүй суралцах, сайн туршлагуудыг баяжуулан нэвтрүүлэх, цаашдын бодлого, хөтөлбөрт тусгаж байх нь чухал юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн НҮБ-ын УАӨСК-ийн 4.1 дүгээр зүйлд “Бүх Талууд өөрсдийн үндэсний хэмжээний болон бүс нутгийн хөгжлийн зорилт, улс орнуудын хүлээх нийтлэг боловч ялгавартай үүрэг хариуцлагыг анхааралдаа авч, хүний үйл ажиллагааны улмаас эх үүсвэрүүдээс агаар мандалд ялгарах болон шингээгчдэд шингэх Монреалын протоколоор зохицуулагддаггүй хүлэмжийн хийн хэмжээг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицоход чиглэсэн зохистой арга хэмжээг агуулсан үндэсний хэмжээний болон шаардлагатай үед бүс нутгийн хөтөлбөрүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэвлэн нийтэлж тогтмол шинэчилж байна“ гэж заасан байдаг. Энэ нь НҮБ-ын УАӨСК-д нэгдэн орсон улс орнуудын хувьд хүлээх үүрэг, хэрэгжүүлэх арга хэмжээний үндсэн чиглэл болж байна.

Монгол Улсын ногоон хөгжлийн бодлог нь Дэлхий нийтээр хөгжлийн өнөөгийн хандлагыг өөрчилж, байгалийн нөөц баялаг, экосистемийн үнэ цэнийг хадгалахын зэрэгцээ хүний аж байдлыг сайжруулж ядуурлыг бууруулах, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг хангах, хүлэмжийн хийн ялгарал багатай, үрэлгэн хэрэглээг багасгасан хөгжлийн загварт шилжих эрмэлзэлийг дэмжин, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан, өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хандлага, хэв маягийг өөрчлөх шаардлагатай болсныг ухамсарлаж, байгаль орчинд ээлтэй, оролцоотой эдийн засгийн өсөлтийг хангах буюу байгалийн нөөцийн хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хадгалах замаар монгол хүний амьдралын сайн сайхан байдлыг хангах хөгжлийн загварт шилжих  (УИХ, 2014) явдал гэж заажээ. Иймд ногоон хөгжил нь хүнээ хөгжлийн төвд тавин байгаль орчин, эдийн засгийн үйл ажиллагааны нягт харилцан уялдаан дээр суурилдаг. Манай орны эдийн засгийн үйл ажиллагааны ихэнх хэсэг нь бэлчээр, мал аж ахуй, газар тариалан, усны нөөц зэрэг байгалийн нөөцөөс ихээхэн хамааралтай байдаг.

УАӨ нь экосистем, байгалийн бэлчээр, газар тариалан, мал аж ахуй, усны нөөц, хөрсний чанарт ноцтой нөлөө үзүүлнэ. Мөн нутаг дэвсгэрийн 60 гаруй хувийг эзлэх цэвдэгт ул хөрс дэлхийн дулаарлын улмаас хайлах нь хөдөө аж ахуйн үйл ажиллагаа, усны нөөц болон зам гүүр, барилга байгууламж зэрэг дэд бүтцийн хөгжилд ч багагүй бэрхшээл учруулах болно.

Иймд УАӨ-д дасан зохицох тухай асуудал нь манай орны хувьд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах асуудлаас ч илүү өндөр ач холбогдолтой байх болно. Гэвч удаан хугацааны зорилтын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд дасан зохицох болон ХХЯ-г бууруулах стратегийг тэнцвэртэй авч хэрэгжүүлэх шаардлагатай (МУОЗХН, 2014).

Манай орны мал аж ахуй, газар тариалан зэрэг хөдөө аж ахуйн уламжлалт  салбарын үйл ажиллагаа нь  УАӨ хэлбэлзлийн улмаас бий болох эрсдэлд нэгэнт дасан зохицсон хэдий ч  өнөөгийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр урган гарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд Засгийн газрын зүгээс таримлын төрөл зүйлийг нэмэгдүүлэх, шинэлэг арга технологийг хэрэглэх үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хүчин чармайлт гаргахыг шаардана. Газрын бүрхэвчийн бүтээмжид гарч буй  өөрчлөлтийн улмаас бэлчээрийн хүрэлцээ, газар тариалангийн хөгжил өөрчлөгдөх бөгөөд энэ нь зарим  орон нутагт ургац тодорхой хэмжээгээр сайжирч болох талтай ч ихэнх хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн хувьд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохын тулд их  хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлага гарах төдийгүй зарим тохиолдолд  хохирол амсаж ч болзошгүй юм. Мөн УАӨ-д нь усны нөөц хомс бүс нутагт усны төлөөх тэмцлийг нэмэгдүүлж, энэ нь иргэдийн амьжиргаанд нөлөөлөх болно (УАӨҮИ-2014).

Иймд УАӨҮИ (2014) –д дурьдсанаар МАА-н салбарын дасан зохицох стратегийн гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадавхи бүхий мал аж ахуйн салбарыг цогцлоон буй болгох замаар хүн амын хүнсний аюулгүй байдал, хөнгөн болон хүнсний үйлдвэрийг түүхий эдээр тогтвортой ханган, экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд орших юм.

Харин газар тариалангийн салбарын дасан зохицох арга хэмжээ нь УАӨ-ийн эерэг нөлөөллийг үр ашигтай бүрэн ашиглах, сөрөг нөлөөллөөс гарч болох эрсдлийг сааруулах замаар тариалангийн гаралтай хүнс, түүхий эд бүтээгдэхүүн, малын тэжээлээр дотоодын хэрэгцээгээ тогтвортой хангахад чиглэнэ.

Усны салбарын хувьд УАӨ-өөс усны нөөцөд учирч болох эрсдэлийг бууруулж, усны нөөц, чанарыг хамгаалж хүн ам, үйлдвэр, хөдөө аж ахуйн ус хангамжийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ үер усны аюулаас сэргийлэхэд гол зорилго нь оршино.

Ойн салбарын дасан зохицох стратеги нь Монгол орны ойн экосистемд УАӨ-өөс үүдэн гарах сөрөг үр дагаврыг багасгах, эерэг нөлөөллийг нь хамгийн үр дүнтэй ашиглан ойн салбарын УАӨ-д дасан зохицох чадамжийг бий болгож, бэхжүүлэх явдал юм гэж тодорхойлжээ.

Дээр дурдсан аж ахуйн салбар бүрээр авч хэрэгжүүлэх дасан зохицох арга хэмжээнүүд нь шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчдын хувьд ихээхэн нарийн төвөгтэй, олон талтай, зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудал юм. Иймд дасан зохицох арга хэмжээнүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлэх, сонгон авсан дасан зохицох хувилбаруудаас тэдгээрийг илүү сайн илэрхийлж чадах шалгуур үзүүлэлтүүдийг ашиглан үнэлэх, хэрэгжүүлэх шаардлага, ач холбогдол, яаралтай байдлаар нь чанарын үнэлгээ өгч үнэлэх чиглэлээр анхан шатны судалгаа хийгдсэн байдаг. Гэвч эдийн засаг, нийгэм, техник, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, тодорхойгүй байдлыг арилгах, дасан зохицох цаашдын стратегийг боловсруулахад удаан хугацааны судалгаа шинжилгээний ажил шаардана. УАӨ-ийн асуудлаар үр дүнтэй шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхийн тулд уур амьсгалын системийн мөн чанарыг нарийн ойлгох, танин мэдэх чиглэлээр өргөн хүрээтэй, нарийвчилсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил чухал үүрэг гүйцэтгэнэ (УАӨҮИ 2014). Тухайн хотын нэг болон хэд хэдэн сөрөг үр дагаварт эмзэг байх явдал нь хүчин зүйлийг бүхэлд нь тодорхойлж, түүнээс хамгийн нөлөөтэй нь тухайн муж дахь уур амьсгалын өөрчлөлтийн илрэл болдог. Гэвч хотын эмзэг байдалд дараах хүчин зүйлс илүү нөлөөлдөг. Үүнд:

  1. Хүн амын бүтэц

Хотод өтөл насны хүмүүс, хүүхэд, архаг өвчтэй хүмүүс их байх тусам хот дулааны стресст эмзэг ангилалд багтана. Тэрчлэн хүн амын бүтэц нь хотын дулаалгын байдалд, халдварт өвчин, харшлын тооны өсөлтөд, ус, цаг уурын гаралтай аюултай үзэгдэлд нөлөөлж байдаг.

  1. Эмнэлгийн үйлчилгээний хурд, чанар

Энэ  нь дулааны стресс,  дулаалгын байдал, ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, халдварт өвчин, харшлын тооны өсөлт зэрэгт эмзэг байхад нөлөөлдөг.

  1. Хотын дэд бүтэц, хотын аж ахуйн салбаруудын хөрөнгө оруулалт

Хотын үер усны суваг шуудууны байдал нь хүчтэй үерийн урсгалд хот автах эмзэг байдлыг  илтгэнэ, ус дамжуулах сүлжээний байдал нь ундны усны чанарыг бууруулах, тоо хэмжээг багасгахад хотын эмзэг байдлыг, байгууллагын хөрөнгө оруулалтын дутагдал нь хотын ногоон бүсийг нэмэгдүүлэх, үйлчлэх хүрээг багасгаж  хотын ногоон бүсийн эмзэг байдлыг нэмэгдүүлдэг.

  1. Хотын агаарын чанар

Агаар дахь бохирдуулагч бодисын бөөгнөрөл нь хотын хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж улмаар харшил, дулааны стресс ихсэх, ногоон бүсийн ургамлын зүйлийн бүрдэл цөөрөх, талбай нь хумигдах байдлаар  хотын эмзэг байдлыг нэмэгдүүлдэг.

- share

Сэтгэгдэл (0)