Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцэд ойн хүлэмжийн хийн ялгарлын суурь түвшнийг хүргүүлсэн анхны тайгын улс боллоо


Монгол улсад хэрэгжиж буй UN-REDD хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (НҮБУАӨСК)-д ойн хүлэмжийн хийн ялгарлын суурь түвшнийг хүргүүллээ. НҮБУАӨСК нь улс орнуудын уур амьсгалын өөрчлөлт, түүний үр дагаврын тайланг хүлээн авч нэгтгэх бүрэн эрхтэй олон улсын байгууллага юм. Тус тайлангийн нэг үзүүлэлт нь ойн хүлэмжийн хийн ялгарлын суурь түвшин бөгөөд энэхүү үзүүлэлтийг ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлын олон жилийн дундаж дээр үндэслэн тооцоолдог.
Халуун бүсэд хамрагдах олон тооны ой бүхий улсууд дээр дурдсан суурь түвшнийг НҮБУАӨСК-д хүргүүлсэн бөгөөд Монгол Улс нь тайгын ой бүхий улсуудаас тус суурь түвшнийг илгээсэн анхны улс боллоо. Судалгааны үр дүнгээс харахад 2005-2015 оны хоорондох арван жилийн хугацаанд нийт 1.4 сая га ойн талбай түймэр, хортон мод огтлол зэрэг сөрөг нөлөөлөлд өртсөн байна. Мөн энэ хугацаанд Монгол Улсын ойн сангийн 53,000 га талбай хасагдсан байна. Дунджаар жилд 144,000 га ойн талбай доройтолд орж, 5,300 га ойн талбай хорогдож, үгүй болж байна. Ойн түймэр болон ойн хөнөөлт шавжийн олшрол, ойгоос мод бэлтгэх үйл ажиллагаанууд нь ойн сангийн нөөц буурч улмаар хээр болж (10 жилд 50,000 га) хувирах хамгийн том шалтгаанууд юм. Монгол Улсын анхны Ойн хүлэмжийн хийн суурь түвшнийг арван жилийн дундаж хүлэмжийн хийн ялгарал/шингээлтийн мэдээлэлд үндэслэн тооцоолсон бөгөөд суурь түвшнийг жилд 5.2 сая tCO2e/жил хэмээн тогтоосон. Энэхүү суурь түвшнийг дараагийн удаагийн ойн суурь түвшинтэй харьцуулж Парисын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад оруулах үндэсний хувь нэмрийг хэмжих болно.
Ойн суурь түвшнийг яам ийнхүү хүргүүлсэн нь Монгол Улсын Засгийн газар болон UN-REDD хөтөлбөрийн амжилттай хамтын ажиллагаа, Монголын ойн болон газар ашиглалтын салбарын өргөн хүрээтэй идэвхтэй оролцоог харуулж байна. Энэхүү ойн суурь түвшний мэдээллийг хүлэмжийн хийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах ажилд ашиглаж болно. UN-REDD хөтөлбөр нь хүлэмжийн хийг бууруулах бодлого арга хэмжээг боловсруулж, түүний үр дүнг хянах, ойн тогтвортой менежментийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр Үндэсний REDD+ стратегийг боловсруулахад Монгол Улсын Засгийн газрыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллана.

Эх сурвалж: www.facebook.com/Reddplusmongolia REDD+ in Mongolia