ДАЛАВЧ НЬ ГЭМТСЭН СООТОН ГУЙВАНГА ШУВУУГ ЭМЧИЛЖ БАЙНА


Нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 11 310005 тоот утсанд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын орчимд гэмтсэн шувуу байна гэсэн иргэний мэдээлэл ирсний дагуу нийслэлийн Байгаль орчны газрынхан газар дээр нь очиход соотон гуйванга шувуу далавч нь гэмтсэн нисэх чадваргүй болсон байсан тул “Зэрлэг амьтан асрах байранд“ авч ирэн асарч байна.

Уг шувуу нь Монгол орны хэмжээнд түгээмэл тархсан, задгай талбайн дэргэдэх ой модонд амьдрах ба сэрүүн бүсийн зарим нь өвлийн улиралд өмнө зүгт нүүн шилждэг. Дунджаар 4-6 өндөг гаргаж 25-30 хоног дарна. Соотон гуйванга шөнийн цагт анд гарах ба ойр төстэй шар шувуу болох Хулгар гуйвангатай адил урт далавчтай юм. Тэдний гол идэш тэжээл нь мэрэгч, жижиг хөхтөн болон шувууд байдаг.

Мэдээлэл өгсөн иргэдэд талархал илэрхийлж, байгалийн зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн үед нь нийслэлийн Байгаль орчны газрын 11 323780 тоот утас болон нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 11 310005 тоот утсанд мэдэгдэж байхыг иргэддээ уриалж байна.