Минж төсөлтэй танилцах боломжтой боллоо


Нийслэлд 2012 оноос хэрэгжиж эхэлсэн “Минж нутагшуулах төв”-ийн үйл ажиллагаатай танилцах боломжийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад олгож эхэллээ. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачууртад байрлах минж үржүүлгийн газар мэдээллийн төвтэй танилцахийг хүсвэл урьдчилсан захиалгыг “Минж нутагшуулах төв”-ийн 91000121 тоот утсаар өгөх шаардлагатай. Төвтэй танилцах нь үнэ төлбөргүй боловч ачааллыг зохицуулж амьтны өсөлт хөгжилтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд дээрх зохицуулалтыг хийж байгаа юм. Минжинд зориулсан лууван, алим зэргийг авч очин минж хооллох боломжтой.

Дэлхий дээр хойд Америкт тархсан Канад минж (Castor Canadensis), Европ Азийн нутгаар тархсан Евразийн минж (Castor fiber) гэсэн хоёр зүйлийн минж амьдардаг бөгөөд Евразийн минж нь дотроо хэд хэдэн салбар зүйлтэй. Манай оронд шар минж хэмээх салбар зүйл нь бүртгэгдсэн бөгөөд Монгол орны баруун хязгаар Ховд аймгийн Булган гол орчимд амьдардаг.

Минж нь бүлээр амьдардаг бөгөөд өөрийн амьдрах орчноо тэтгэн сайжруулах зорилгоор олон төрлийн ажил хийдэг гайхалтай “ажилсаг” амьтан тул ландшафтын инженер, барилгачин гэх нь ч бий. Амьдрах орчноо хамгаалахын тулд минж нь далан барих, суваг ухах, мод тайрч унагах замаар шинэ орчин бүрдүүлээд зогсохгүй цөөрөм хүртэл бий болгож, голын урсацыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдол үзүүлдэг.

Экологийн тэнцвэрийг байгалийн аясаар хадгалахад онцгой үүрэгтэй минжийг 2012 онд Улаанбаатар хотын тухайн үеийн удирдлагууд болон эрдэмтэн судлаачид Туул голын урсацыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ, ХБНГУ-аас 22 эр, 22 эм нийт 44 толгойг нутагшуулах төслийг эхлүүлсэн.

Тус төслийг хэрэгжүүлэх минж үржүүлгийн төвийг нийслэлийн БЗД-ийн 20 дугаар хороо Гачуурт орчимд ашиглалтад оруулснаас хойш өнөөг хүртэл минж үржүүлгийн төсөл амжилттай хэрэгжиж байна. 2013-2017 онуудад тус төслийн хүрээнд нийт 24 толгой минжийг үржүүлгийн төвөөс гарган Туул голын эх Заан, Тэрэлж голд суллан тавьж, өсөлт үржилтийн байдалд хяналт тавин ажиллаж байна.

Минж нь Амьтны тухай хуулиар тогтоосон нэн ховор амьтны төрөлд орох бөгөөд Монгол Улс 1930 оноос эхлэн минж агнахыг хуулиар хориглосон. Минж нь Монгол улс төдийгүй олон улсын хэмжээнд ховордох зэрэглэлд орсон, бүс нутгийн хэмжээнд устах аюулд өртөөд байгаа тул нийслэлийн иргэд, хүүхэд багачуудад тус амьтны талаар ойлголт, мэдээллийг хүргэн ажиллах шаардлагатай байна.

Нийслэлийн Байгаль орчны газар, Минж үржүүлгийн төвтэй хамтран 5 дугаар сарын 11-ний өдөр хүүхэд залуучуудын экологийн боловсролыг дээшлүүлэхэд зориулж минжтэй танилцах, үржүүлгийн талбайд мод, ургамал тарих, цаашид тус төвийн менежментийг сайжруулах тал дээр үе шаттай ажлуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.