“УЛААНБААТАР ХОТЫН ОЙ” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ШАВЫГ ТАВИЛАА.


БОАЖЯ, Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын ой” буюу Монгол-Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавих ёслолын ажиллагаа боллоо. БНСУ-ын Ойн ерөнхий газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх энэ ажлыг Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дамбадаржаад эхлүүлж байна. Шав тавих ёслолын үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон яамны холбогдох албан тушаалтнууд, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун болон, БНСУ-ын Ойн ерөнхий газрын төлөөлөгчид, Нийслэлийн Байгаль орчны газар, Сүхбаатар дүүргийн удирдлагууд, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 150 гаруй хүн оролцов.

Улаанбаатар хотын ой нь нийт 3 тэрбум воны төсвөөр 40 га талбайд бүтээн байгуулалтын ажил хийгдэх ба 2021 оны 5 дугаар сар хүртэл хэрэгжих төсөл юм. Цэцэрлэгт хүрээлэнд танин мэдэхүйн цэцэрлэг, унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, спортын талбай зэргийг байгуулах ба 100 гаруй нэр төрлийн мод, ургамлыг тарина.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хамтран 2007 оноос цөлжилтөөс сэргийлэх, шар шороон шуургыг багасгах зорилгоор “Монгол-Солонгосын ногоон хэрэм” төслийг хэрэгжүүлж, төслийн эхний үе шат 2016 онд дууссан. Төсөл хэрэгжсэн хугацаанд БНСУ-ын Засгийн газраас 12 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт, санхүүжүүлэлт хийж, Төв аймгийн Лүн суманд 20 га, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 24 га талбайд мод үржүүлгийн газар байгуулж, нийт 3000 орчим га талбайд ойн зурвас, заган ойн ойжуулалт хийж, 80-90 хувийн үр дүнтэйгээр ургуулжээ.