НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЭКО КЛУБУУДЫН УДИРДАГЧ БАГШ НАРЫН УУЛЗАЛТ БОЛЛОО


БОАЖ-ын Сайд Н.Цэрэнбатын санаачилгаар ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдыг байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд уриалан дуудаж, цаашлаад гэр бүлийнхэндээ эх дэлхийгээ хайрлах, хамгаалах үйлсийг түгээн, таниулах зорилготойгоор “Ногоон паспорт” аяныг эхлүүлсэн.

“Ногоон паспорт” аяны хүрээнд БОАЖЯ, тус яамны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын эко клубуудын сурагчдын байгаль орчны талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эх орон унаган байгалиа хайрлан хамгаалах үйлсэд гар бие оролцуулах, нэг санал санаачилгын дор нэгтгэх зорилгоор "Эко клубын сурагчдын чуулга" уулзалтыг 2018 оны 03 дугаар сарын 18-нд Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулсан ба тус чуулганд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 89 сургуулийн 94 эко клубын 500 гаруй багш, сурагчид хамрагдсан.

Энэ удаагийн эко клубын багш нарын уулзалтаар Ногоон паспорт аяны хүрээнд эко клубуудын дунд 2018-2019 онд зохион байгуулагдах үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах, ногоон паспортыг хэрхэн хөтлөх, ашиглах зааварчилгаа болон хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг ашиглах талаарх танилцуулга хийгдсэн юм. Уулзалтад нийслэлийн 100 гаруй сургуулийн эко клубын удирдагч багш, нийгмийн ажилтнууд оролцов.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлж буй Хандлагаа өөрчилье багц ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй Ногоон пасспорт аяны тухай

Ногоон паспорт аяны зорилго:

Бүх ерөнхий боловсролын сургуулийн Эко клубуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжих, сурагчдад зөв дадал хэвшил олгох, байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд хүүхэд залуусыг уриалан дуудахад аяны зорилго оршино.

Ногоон паспорт аяны хэрэгжих хугацаа:

Ногоон паспорт аяны хүрээнд 2018-2019 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Энэ нь цаашлаад улсын хэмжээнд хэрэгжих ба урт хугацааны санаачлага гэж үзэж байна.

Ногоон паспорт аяны хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээ:

  1. "Ногоон паспорт" аяны хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн Эко клубуудын чуулган”-ыг 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Олон улсын хүүхдийн Найрамдал төвд зохион байгуулсан. Чуулган уулзалтад Нийслэлийн 89 сургуулийн 94 эко клубын 500 гаруй багш, сурагчид хамрагдсан. Чуулганаар Ногоон паспорт аяныг танилцуулж, сурагчдад тараагдах Ногоон паспорт-нд тусгах ажлуудын талаар сурагчидтай санал солилцсон.
  2. Хог хаягдлыг ангилан ялгах дадал хэвшлийг сурагчдаар дамжуулан олон нийтэд түгээх зорилгоор “Хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг бүтээх” уралдааныг зарлаж эхний 3 байрыг шалгаруулсан.

Ногоон паспорт аяны хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж буй арга хэмжээ:

  1. Эко клубүүдын удирдагч багш нар”-ын уулзалтыг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ уулзалтаар Ногоон паспорт аяны багш нарт танилцуулах мөн ногоон паспорт ашиглах хөтлөх зэрэг мэдээллийг хүргэх, багш нартай санал солилцох юм.
  2. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын сургуулийн Эко клубүүдын дунд дараах уралдаан тэмцээнийг зохион байгуулна. Үүнд:
  • Байгаль орчны талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх Видео уралдаан
  • Хог түүх марафон
  • Байгаль орчны залуу сурвалжлагч

Эко клубыг удирдагч багш нарыг идэвхжүүлэх, сэдэлжүүлэх зорилгоор Ханын сонин бүтээх уралдааныг зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн үйл ажиллагааг дүгнэж оны эцэст Бүтээлч, маналайлагч багшшалгаруулахаар төлөвлөсөн.

Ногоон паспорт тараах зорилтод бүлэг

Ногоон паспортыг эхний ээлжинд Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн Эко клубын сурагчид болон 9-11-р ангийн нийт сурагчдын 70 орчим хувьд тараагдах юм.

Ногоон паспортын агуулга, ач холбогдол

Ногоон паспорт нь 12 хуудастай, хуудас бүр нь өөр өөр агуулгатай ба ус, хог хаягдал, ногоон орчин, зохистой хэрэглээ, байгаль хамгаалах уламжлалт ёс заншил гэх мэт 12 ажлыг тусгасан.

Ач холбогдол

  • Ногоон паспортыг сурагчид эзэмшиж хөтөлснөөр амьдралын зөв дадал хэвшилтэй болох
  • Байгаль орчноо хамгаалах зөв хандлагатай иргэн болон төлөвшихөд хувь нэмрээ оруулах
  • Сурагчдаар дамжуулан гэр бүл найз нөхөд бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлэх

 

  • Хандлагаа өөрчлөх боломж