Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шинэ стратегийг танилцууллаа


 

ICLEI тогтвортой байдлын төлөөх орон нутгийн захиргаадын олон улсын байгууллагын Дэлхийн чуулган (World Congress) 2018 оны 6-р сарын 28-ны өдөр Канад улсын Монреал хотод зохион байгуулагдлаа. Уг чуулганаар тогтвортой хөгжлийн болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудыг шийдвэрлэх шинэ стратеги төлөвлөгөөг танилцуулав.

Дэлхийн эрчим хүчний 70 орчим хувийг хот суурин газрын оршин суугчид хэрэглэдэг бөгөөд энэ нь хүлэмжийн хийн ялгаралтай шууд хамааралтай юм. Шинэ стратеги төлөвлөгөөгөөр уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох, түүний нөлөөг бууруулахад авах арга хэмжээг “Тогтвортой хөгжлийн зорилт” болон Парисын хэлэлцээрийг хамтад нь амжилттай хэрэгжүүлэх гол үндэс гэж үзэж байгаа юм байна.

Дээрх шинэ стратеги төлөвлөгөө нь дараах бодит зорилтуудаас бүрдэж байна. Үүнд:

  • 100 хувь сэргээгдэх эрчим хүчийг дэмжих;
  • Аж үйлдвэржсэн хотуудын тогтвортой эдийн засагт шилжилтийг дэмжих;
  • Хот суурин газрын хүлэмжийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, хөрвөх чадвартай хөгжлийн стратеги боловсруулах, хэрэгжилтийг хянах;
  • Тогтвортой төрийн худалдан авах ажиллагааг дэмжих замаар ногоон эдийн засагт хөтлөх;
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааг хот суурин газрын хөгжилтэй холбож, орон нутгийн болон бүс нутгийн захиргаадыг Парисын хэлэлцээрт тохирсон уур амьсгалын эсрэг үндэсний хөтөлбөрийг боловсруулах хамтын ажиллагаанд татан оролцуулах;
  • Арлын оршин суугчдыг уур амьсгалын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд туслах, их газраас үүдэлтэй далайн бохирдлыг арилгах;
  • Дэлхийн биологийн олон янз байдлыг хамгаалах зорилтыг хотын болон бүс нутгийн хүрээнд хэрэгжүүлэх зэрэг зорилтууд багтсан байна.

Үүний зэрэгцээгээр, олон улсын байгууллагууд хамтарсан судалгааны ажлыг танилцуулсан. Судалгаагаар 2050 он гэхэд уур амьсгалын өөрчлөлт нь хоол хүнсний хомсдол, үер усны гамшиг, нийгмийн эрх тэгш бус байдал, ган гачиг, гэрэл цахилгаан тасрах зэргээр 970 хотын 1,6 тэрбум хүнд нөлөөлөх тооцоо гарсан байна.

Эх үүсвэр: https://unfccc.int/news/iclei-presents-new-strategy-for-climate-action-and-sustainability