Эвдэрсэн газрын тооллого хийгдэж байна


Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэхийн хирээр хот өргөжин тэлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт нэмэгдэж байна. Гэвч нийслэлийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд нь тухайн жилийн батлагдсан ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу олборлолтын үйл ажиллагаа хийдэггүй, “Ашигт малтмалын тухай” хуулийг зөрчин нөөцийг сорчлон олборлодог, ашиглалт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хангалтгүй хийдэг.

“Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/71 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/36 дугаар захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого хийх” ажлын удирдамжийг батласны дагуу тухайн тооллогын ажил нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдэж эхлээд байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагаанд Нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтарсан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхэд уул уурхайн олборлолтын улмаас эвдэгдсэн газрын талбай 731.62 га бөгөөд үүнд Налайх, Багануурын нүүрсний уурхайн эвдэрсэн талбайн хэмжээ ороогүй болно.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд нь 2016 онд хамгийн бага буюу 21.66 га, 2017 онд хамгийн их буюу 82.97 га талбайд нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгсөн.

Уул уурхайн эвдэгдсэн газрын хэмжээг тодорхойлох тооллогын ажил хийгдсэнээр улсын хэмжээнд уул уурхайн зориулалтаар эвдэгдэж, эзэнгүй орхигдсон газрын мэдээллийн сан шинэчлэгдэж, судалгааны үр дүнд нөхөн сэргээлт хийх газар, зардлын хэмжээг тодорхойлон улс, нийслэлийн төсөвт тусган хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.