НИЙСЛЭЛ ХОТЫН СУУРЬШЛЫН БҮСЭД ЗЭРЛЭГ АН АМЬТАН ОРЖ ИРСЭЭР БАЙНА


Нийслэлийн ногоон бүсийн зусланд төдийгүй, хүн амын нягтрал ихтэй хотын төв хэсэгт зэрлэг амьтад орж ирсэн мэдээлэл, үүнтэй холбогдох иргэдийн дуудлага сүүлийн үед нийслэлийн шуурхай удирдлагын төвд ирэх нь эрс нэмэгдлээ.

Зэрлэг ан, амьтан тэр дундаа хөхтөн амьтдаас бор гөрөөс зэрлэгшсэн нохдод бариулж бэртэж гэмтэх, өмхий хүрэн зуслангийн байшингийн суурь, гэрийн шалны дор байрлах, хэвлээр явагчдаас могой орон сууцны орц, хонгил, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг, авто машинд байрласан байх тохиолдол гарсаар байна.

Их хотын нөлөөгөөр тухайн амьтдын амьдрах орчин жилээс жилд хумигдаж, биологийн идэвхитэй байгаа үеийн амьдрах орчинд үзүүлэх хүний сөрөг хүчин зүйл нэмэгдэх, үүнээс үүссэн идэш тэжээлийн хомсдол гэх мэт олон шалтгаанаас үүдэн зэрлэг амьтад суурьшлын бүсэд орж ирэх, үүрээ засах явдал ихсэж байна.

Эдгээрээс тухайн зүйл амьтны тоо толгой цөөрөх, экосистемийн тэнцвэрт байдал алдагдахаас гадна хотын иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл үүсээд байна.

Жишээлбэл өнгөрөгч долдугаар сард могой болон өмхий хүрэнтэй холбогдох дуудлага нилээн нэмэгдсэн. Хортой могойнд хүүхэд хатгуулсан тохиолдолд том хүнээс илүү эрсдэл өндөртэй байдаг ба биеийн жингийн хэмжээ бага тул могойн хор хурдан хугацаанд хүчтэй тархаж хордох, амь насаа алдах хүртэл эрсдэл өндөртэй байдаг. Өмхий хүрэн ч хүчтэй өмхий үнэртэй шингэн ялгаруулдаг төдийгүй элдэв төрлийн шимэгч бүүрэг, галзуу, тарваган тахал өвчний халдвар тээх эрсдэлтэй амьтан юм.

Иймд иргэд зэрлэг амьтдын амьдрах орчин, орон зайд нөлөөлөхгүй байх, нийслэлд орж ирсэн зэрлэг амьтныг халдвар, хамгааллын багаж хэрэгсэлгүйгээр барих, эрсдэлд орохгүй байхыг анхааруулж байна.

Нийслэлд гэмтэж бэртсэн зэрлэг ан амьтан орж ирсэн тохиолдолд дараах байгууллагуудад хандан мэдэгдэж байхыг анхааруулж байна.

Энэ төрлийн дуудлага мэдээллийг нийслэлийн шуурхай удирдлагын төвийн 310005 дугаарын утас болон Нийслэлийн Байгаль орчны газрын 323780 дугаарын утсаар холбогдон мэдэгдэнэ үү.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР