ЗУСЛАНГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ АЖИЛЛАЛАА


Нийслэлийн Байгаль орчны газрын Зуслангийн товчоо нь жил бүрийн 6-8 дугаар саруудад зуслангийн иргэдэд ойртон “Зуслангийн мэдээллийн төв”-ийг ажиллуулдаг ба төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийг цаг алдалгүй хүргэх, экологийн сургалт зохион байгуулах, эрүүл, аюулгүй тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн ногоон бүсэд дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны "Газрын зөрчлийг арилгуулах тухай" 168-р захирамж, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Газрын Албаны 2018 оны 18/02 удирдамжийн дагуу Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт Ойн тухай хуулийг зөрчиж зөвшөөрөлгүй хашаа барьж, орц гарц хаасныг дүүргүүдийн Газрын албатай хамтран зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллав. Сонгинхайрхан дүүргийн 21-р хороо Ар гүнтийн зусланд нийт 1.4 га зуслангийн газар, 2 орц гарцыг чөлөөлж, зөрчлийг арилгуулсан ба Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өвөр Гүнт, Шадивлан зуслангуудад зөвшөөрөлгүй хашаа хатгасан, орц гарцыг хаасан зөрчлүүдийг илрүүлж, зөрчлийг арилгах талаар албан шаардах хуудсуудыг хүргүүлж, ойн түймрийн аюултай, идэвхитэй хуурайшлын үе болох 9,10-р саруудаас урьтаж ойн санг хашсан хашааг буулгаж болзошгүй аюулаас урьчилан сэргийлэх, шуурхай албаны автомашин нэвтрэх боломжийг бүрдүүлэх ажлуудыг зохион байгуулж байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 тоот албан даалгаврын хүрээнд ногоон бүсийн зусланд байрлах “Маргаашийн хөгжил”, “Нарс” хүүхдийн зуслангуудад сургалт зохион байгуулж ногоон бүсэд аялаж, амрахдаа болзошгүй эрсдэлээс хамгааах, ой хээрийн түймэр, үер усны аюул, хортой могой шавжид хатгуулахаас урьдчилан сэргийлэх, хог хаягдлаас үүдэлтэй байгаль орчны сөрөг нөлөөлөл болон уур амьсгалын өөрчлөлт сэдвүүдийн хүрээнд мэдлэг мэдээлэл олгов.

Мөн “Аялагч амрагчдад зориулсан байгалийн болзошгүй аюулын эрсдлээс урьдчилан сэргийлэх гарын авлага”, ”Хачигнаас сэргийлье”, “Ногоон Улаанбаатар- Та өөрөө цэвэр орчинг бүтээнэ”, “Ногоон зуслан цэвэр орчин” зэрэг гарын авлага, танилцуулга материалаар хангав.

Иргэд ногоон бүсэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд зуслангийн бүсийн нийт 6000 гаруй нүхэн жорлон, нийтийн бие засах газар, хог хаягдлын цэг, ариун цэврийн байгууламжид судалгаа хийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлж 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд зуслангийн бүсэд ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийлгэлээ.

Хүүхэд багачууд, аялагч амрагчид, зуслангийн иргэдийг зэрлэг нохойнд хазуулах эрсдэлээс урьдчилан сэргийлж 2018 оны 08 дугаар сарын 15-17-ны хооронд СБД-ийн 18, 19, 20, ЧД-ийн 17,19 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн ногоон бүсэд нохой устгалын ажлыг зохион байгуулсан. Тус ажлыг “Базалт нэгдэл”ХХК, “Мөнх Буян оргилт” ХХК гүйцэтгэсэн бөгөөд ногоон бүсэд нийт 115 эзэнгүй орхигдсон, зэрлэгшсэн нохойг устгасан байна.

2018 оныг Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил болгон зарласны дагуу Зуслангийн зөвлөлийн гишүүдийн хүсэлтийг үндэслэн “Зөгийн аж ахуйн ач холбогдол” сэдэвт сургалтыг Монголын Зөгийн сан, Хүрээлэн буй орчин, нөөцийн хэлтэстэй хамтран зохион байгуулж зөгийн ач холбогдол, ашиг шим, байгальд ээлтэй байдлын талаар ногоон бүсийн иргэддээ мэдээлэл хүргэлээ.

Зуслангийн товчоо нь зуслангийн аюулгүй байдал, хог хаягдал эрүүл ахуй, иргэдийн оролцоо, зуслангийн хөгжил гэсэн үндсэн чиглэлүүдээс гадна Нийслэлийн Байгаль орчны газрын үйл ажиллагааны талаар иргэдэд байнга мэдээлэл өгдөг бөгөөд зуслангийн бүсийн санал хүсэлтийг байнга авч холбогдох байгууллагуудад хүргэн төрийн байгууллагуудын уялдаа холбоог ханган ажиллаж байна.

       

       

 

- share

Сэтгэгдэл (0)