УЛААНБААТАР ХОТЫН УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, УС ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН ЭРҮҮЛ АХУЙН ХОРИГЛОЛТ, ХЯЗГААРЛАЛТЫН БҮСЭД СТАНДАРТЫН БУС НҮХЭН ЖОРЛОН, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ АШИГЛАХЫГ ХОРИГЛОЛОО


Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/834 дугаар захирамжаар нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар хотын усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсэд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн стандартын бус нүхэн жорлон, угаадасны нүх ашиглахыг хориглосон шийдвэр гаргалаа.

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд 3.852, энгийн хамгаалалтын бүсэд 18.381, эрүүл ахуйн хориглолтын бүсэд 3.629, нийт 25.862 иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмшиж, ашиглаж байгаа талаарх судалгаа байдаг. Энэхүү хамгаалалтын бүсэд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын дийлэнх нь битүүмжлэлгүй нүхэн жорлон, угаадасны нүх ашигладаг нь усны сан бүхий газрын 28554,6 га, ус хангамжийн эх үүсвэрийн 12708,6 га газар болон Улаанбаатарчуудын ундны эх үүсвэрийг бохирдуулж байгаа нь хотын иргэн бүрийн санаа зовох асуудлын нэг болоод байгаа билээ.

Уг захирамж хэрэгжиж эхэлснээр хориглосон бүсэд газар эзэмшиж ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нүхэн жорлон, ариун цэврийн байгууламжаа “Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага МNS 5924:2015 стандарт"-ын дагуу ашиглахыг шаардах ба хориглосон бүсэд стандартын бус нүхэн жорлон, угаадасны нүх ашигласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрын гэрчилгээ сунгах, нэр шилжүүлэх, байгалийн дагалт баялаг ашиглах эрхийн бичиг, худгийн зөвшөөрөл, байгаль орчны дүгнэлт олгох зэрэг үйлчилгээ үзүүлэхгүй байх юм.

Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага МNS 5924:2015 стандарт"-ыг үзэх бол ЭНД дарна уу. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780 дугаарын утсаар холбогдоно уу.