ЗУСЛАНГИЙН ИРГЭДИЙН САНАЛ АСУУЛГЫН ДҮН


Нийслэлийн Байгаль орчны газрын Зуслангийн товчооны мэргэжилтнүүд зуслангийн бүсийн үйлчилгээний чанар, хүртээмжийг тодорхойлох санал асуулгыг 2 удаа 5 болон 8 дугаар сард тус тус хийж гүйцэтгэн, нийт 690 саналын хуудасны дүнг нэгтгэв.

Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь нийтийн тээврийн ая тухтай байдал болон нийтийн эзэмшлийн худгийн усны чанарт хэвийн гэсэн үнэлгээ өгсөн бол нийтийн ариун цэврийн байгууламжийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хангалтгүй гэж дүгнэснээс гадна нийтийн тээврийн хүлээх хугацаа 20 минутаас дээш байгааг онцолсон байна.

Хог тээвэрлэлтийн тухайд Санзай, Яргайт, Гүнт, Сэлх зуслангийн иргэд хэвийн гэсэн үнэлгээ өгсөн бол Шарга морьт, Жигжид, Майхан толгойт зуслангийн иргэд хангалтгүй гэж үзсэн. Нийтийн эзэмшлийн зам талбай дахь ил задгай хог хаягдлын цэвэрлэгээг Шадивлан, Шарга морьт, Хандгайт, Майхан толгойт, Сэлх зуслангийн иргэд хэвийн гэж үзсэн бол Жигжид, Гачуурт, Гүнт, Зүүн салаа зуслангийн иргэд хангалтгүй гэж дүгнэсэн байна.

Судалгаанд хамрагдсан иргэдээс дараах санал хүсэлтүүд ирснийг нэгтгэвэл:

  1. Зуслангийн бүсэд орц, гарц, туслах болон явган хүний зам гаргах;
  2. Автобусны зогсоолын тоог нэмэх, төв замаас салсан туслах чиглэлтэй болох, нийтийн тээврийн хүлээх хугацааг багасгах;
  3. Гудамжны гэрэлтүүлэг, хаяг, хяналтын камер суурилуулах;
  4. Эко ариун цэврийн байгууламжтай болж нүхэн жорлонгоос татгалзах мөн бохирын хоолой татах;
  5. Хог хаягдлаа ангилан ялгах, стандартын шаардлага хангасан хогийн цэгийг байгуулах;
  6. Зуслангийн газрыг ой модноос зайтай олгох, голын эрэг орчмын айлуудыг нүүлгэх;
  7. Байгаль хамгаалагчид иргэдтэй холбоотой байх, оршин суугчдад зөвөлгөө өгөх, санал хүсэлт, гомдол бүрийг цаг тухайд нь шийдэж, шийдэх боломжгүй бол мэдэгдэх зэргийг дурьдсан байна.