Суурьшлын бүсэд орж ирсэн хүрэн баавгайн бамбаруушийг байгальд нь буцаан тавьлаа.


Нийслэлийн Шуурхай удирдлагын төвд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өглөө “Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Төмөр замын 61дүгээр гарам орчмын айлын хашааны ойролцоо баавгайн бамбарууш байна” гэсэн иргэний дуудлагын дагуу нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтэн болон байгаль хамгаалагчид очиход иргэд бамбаруушийг айлын хашаанд шахаж бариад уясан байдалтай байсан. Тус бамбаруушийг зориулалтын багаж хэрэгсэл ашиглан барьж, амьтны торонд зөөвөрлөн мал эмнэлэгт үзүүлэхэд ямар нэгэн өвчин эмгэггүй гэсэн дүгнэлт гаргасан. Амьтны мэргэжлийн байгууллага болон салбарын эрдэмтэн судлаачидтай зөвлөлдсөний үндсэн дээр байгальдаа идэш тэжээлээ олж идэн бие даан амьдрах бүрэн боломжтой хэмээн үзсэн тул суурьшлын бүсээс гаргаж ногоон бүсэд нь тавьлаа.

Улаанбаатар хот Хэнтийн нурууны салбар уулсын дунд байршдаг ба ой хөвчийн ан амьтад тархсан тул идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирэх тохиолдлууд үе үе гарч байна. Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газраас баталсан ховор амьтны жагсаалтад орсон бөгөөд хууль бусаар агнасан, барьсан, худалдахыг завдсан тохиолдолд Эрүүгийн хуулиар 5,400 нэгжээс 27,000 нэгжтэй тэнцэх буюу 5,4 саяаас 27,0 сая төгрөгийн мөнгөн торгууль эсхүл нэг жилээс таван жил хүртэл хорих ялаар шийтгэх хуулийн заалттай.

Энэ бамбарууш нь 1984 оноос хойш 30 гаруй жилийн дараа Улаанбаатар хотод орж ирсэн тохиолдол болж байгаа тул хэрхэн орж ирсэн талаар шалгуулахаар СХД-ийн Цагдаагийн хэлтэст мэдэгдээд байна.

Цаашид зэрлэг амьтан орж ирсэн тохиолдлыг харсан иргэд цаг алдалгүй нийслэлийн Байгаль орчны газрын 11 323780 11318003 дугаарын утсуудаар холбогдож хамтран ажиллана уу.