Хотуудын уур амьсгалын форумд оролцлоо


Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/807 дугаар захирамжын дагуу ОХУ-ын нийслэл Москва хотод 2018 оны 9 дүгээр сарын 05-08-ны өдрүүдэд зохиогдсон “Хотуудын уур амьсгалын форум” арга хэмжээнд Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга оролцов.

Форумын эхний өдөр “Орчин үеийн хотын дүр төрх: байгальд ээлтэй, ухаалаг, тогтвортой” сэдвийн хүрээнд 9 салбар хуралдаан, хоёр дахь өдрийн хуралдаан “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд 6 салбар хуралдаантайгаар явагдав. Хуралдаануудад байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр ажилладаг төр, хувийн хэвшил, судалгаа, олон улсын байгууллагын 134 мэргэжилтэн үг хэлж, хотуудын амжилт, сайн туршлагын талаар мэдээлэл хийв.

Мөн энэ үеэр Москва хотын Байгаль ашиглалт, хүрээлэн буй орчныг хамгаалах газар, Мосэкомониторинг байгууллагын удирдлага, төлөөлөгчидтэй албан уулзалт хийж хоёр хотын байгаль орчны газруудын хооронд хамтын ажиллагаа эхлүүлэх талаар санал солилцов. Москва хотын Байгаль ашиглалт, хүрээлэн буй орчныг хамгаалах газрын дарга Антон Кулбачевский өөрийн байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдаж буй техник хэрэгсэл, үйл ажиллагааны онцлогийг, “Мосэкомониторинг” хотын байгаль орчны судалгааны байгууллагын захирал П.В.Захарова, дэд захирал Е.В.Никитич нар байгууллагынхаа болон судалгаа, шинжилгээний төвийнхөө үйл ажиллагааг танилцуулав.

Уулзалтаар орчны хяналтын тогтолцооны бүтэц, агаар, орчныг бохирдуулж байгаа эх үүсвэр, хаягдлын бүртгэл тооллого, мэдээлийн сангийн програм хангамж, агаарын чанарыг тодорхойлох орон нутгийн хяналт-шинжилгээний сүлжээ, автомашины шатахууны чанарын хяналт, Евро-5 стандартад шилжих арга хэмжээнүүд, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлд шугам замын хэмжилт, хяналтыг хэрхэн зохион байгуулдаг арга туршлага, авто замын арчилгаа цэвэрлэгээнд хэрэглэж буй бодис, түүний нөлөө, дуу чимээ, соронзон долгион зэрэг физик нөлөөлийн судалгаа, цахилгаан тэжээлт машинд тавигдах техникийн ерөнхий шаардлага, стандарт, бодлогын дэмжлэг, хатуу түлшээр ажилладаг дулааны цахилгаан станцуудад тавьдаг хяналтын чиглэлээр мэдээлэл солилцов.

Уулзалтын дараа Москва хотын Байгаль ашиглалт, хүрээлэн буй орчныг хамгаалах газрын дэргэдэх Аналитик лабораторийн үйл ажиллагаа, орчны бохирдлын шинжилгээнд ашиглаж буй техник хэрэгсэл, аргачлалтай дэлгэрэнгүй танилцав.

Москва хоттой байгаль орчны судалгааны дүн, арга технологийг нэвтрүүлэх, орчны тандан судалгаа, бохирдлын шинжилгээнүүдийн чиглэлээр хамтран ажиллах боломжтой боллоо.