Дэлхийн өвлийн хотын дарга нарын форумд илтгэл тавьж оролцов


Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/807 дугаар захирамжын дагуу БНХАУ-ын Ляонин мужийн төв Шэньян хотод 2018 оны 9 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд зохиогдсон “Өвлийн хотуудын хотын дарга нарын форум” арга хэмжээнд Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга оролцов.

Оролцогчид өвлийн хотуудад тулгарч буй байгаль орчны асуудлуудыг хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэхийг уриалсан “Шэньяны тунхаглал” баримт бичгийг санал нэгтэй батлав.

Өвлийн хотын төлөөллүүд Япон улсын Саппоро хотод зохиогдсон Дэлхийн өвлийн хотуудын хотын дарга нарын 17 дахь удаагийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу 2 жилийн хугацаанд байгаль орчны чиглэлээр түүний дотор агаарын бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах чиглэлээр хийсэн ажлынхаа тайланг тавьлаа. 2020 оны Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын форум Финлянд улсын Рованиеми хотод болно.