ДЭЛХИЙН ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ


“Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр”-ийг Нийслэлийн Байгаль орчны газраас санаачилж, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨҮГ-тай хамтран “Бид хуулиар хамгаалагдсан” уриан дор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тэмдэглэн өнгөрүүллээ.

Дэлхийд цоохор ирвэс амьдрах боломжтой 12 улсаас Монгол улс нь ирвэсийн тоо толгойгоороо 2 дугаарт эрэмблэгддэг бөгөөд манай улсад одоогийн байдлаар 800-1000 цоохор ирвэс тоологдсон бөгөөд энэ нь дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувьтай тэнцэж байна.

Нэн ховордсон цоохор ирвэсийн экологийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, хайрлан хамгаалахад уриалах зорилгоор зохион байгуулсан өдөрлөгт нийслэлийн ерөнхий боловсролын 15 сургуулийн эко клубын төлөөлөл 200 орчим сурагчид, багш нарын хамт оролцлоо. Өдөрлөгийн хүрээнд урлагийн үзүүлбэр, ирвэсийг хэн сайн мэдэх вэ танин мэдэхүйн тэмцээн, хөдөлгөөнт дасгал, богино зайн алхалт зэрэг арга хэмжээг зохион байгуулсан юм.

Өдөрлөг арга хэмжээнд идэвх, санаачилгатай оролцсон эко клубүүдийг шалгаруулж тэргүүн байранд Баянзүрх дүүргийн 122-р сургуулийн “Эко-122” клуб шалгарч 500000 төгрөг, дэд байранд Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн “Энержи” эко клуб шалгарч 300000 төгрөг, гуравдугаар байранд Хан-Уул дүүргийн 15-р сургуулийн “Ирвэс” эко клубын сурагчид шалгарч 150000 төгрөгийн төсөл хэрэгжүүлэх эрхийн бичгийн эзэд боллоо. Ирвэс, түүнийг танин мэдэх асуулт хариултын тэмцээнд Баянгол дүүргийн 15-р сургуулийн сурагч Анхням тэргүүлж, Чингэлтэй дүүргийн 50-р сургуулийн сурагч Доржнямбуу удааллаа.

Өдөрлөг арга хэмжээнд оролцсон эко клубын нийт сурагчид, удирдсан багш нартаа байгаль орчныг хайрлан хамгаалах, танин мэдэх үйлсэд нь амжилт хүсье.

​​​​​​