ЭЗЭНГҮЙ ОРХИГДСОН, ЭВДЭРСЭН ГАЗАР ГЭЖ БАЙХ ЁСГҮЙ


БОАЖЯ-аас санаачлан БНСУ-ын Мерико төсөлтэй хамтран “Байгаль хамгаалал, уул уурхайн нөхөн сэргээлт” үндэсний сургалт, семинарыг 2018 оны 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдож, нийслэлийн болон 21 аймгийн Засаг даргын орлогч, БОАЖГ-ын дарга болон байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн нар болон зочид төлөөлөгчид оролцож, өргөн хүрээнд зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын уул уурхайн өнөөгийн байдал, эвдэрсэн газрын тооллого болон Налайх дүүргийн нүүрсний уурхайн үйл ажиллагаанаас эвдрэлд орсон 42 га талбайг нөхөн сэргээлт, аж ахуйн нэгж байгууллагуудын дүйцүүлэн хамгааллын хүрээнд хэрэгжүүлсэн арга туршлагын талаар аймаг, орон нутгийн төлөөлөлд илтгэл тавьлаа. Орон нутгийн хэмжээнд хүний буруутай үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж, эзэнгүй орхигдсон талбай их байгаа бол нийслэлийн нутаг дэвсгэрт сүүлийн жилүүдэд хяналт шалгалтыг эрчимжүүлж, эзэнгүй орхигдож эвдэрсэн газар шинээр гараагүй, цаашид ч гаргахгүй ажиллах тал дээр анхаарах шаардлагатай талаар илтгэл танилцуулгад дурьдагдлаа.

БОАЖЯ-аас “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан хянаж хүлээн авах журам” болон шинээр батлуулах “Нөхөн сэргээлтийн тухай” хуулийн төсөл болон байгаль орчны чиглэлийн хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах асуудлаар танилцуулгыг хийж, оролцогчдоос санал авах, асуулт тавих зэргээр аймаг, нийслэлийн төлөөллүүд харилцан туршлага солилцож, мэдээлэл хуваалцсан өндөр ач холбогдолтой сургалт, семинар боллоо.