Мод тарих практик сургалт зохион байгуулав


Намрын мод тарих өдрүүд үргэлжилж байгаа энэ цаг үед Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтэс Ногоон Ази сүлжээ ТББ-тай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 9-р сард зохион байгуулсан сургалтад хамрагдсан иргэдээс мод тарих дадлага олгож өгөх хүсэлт ирсний дагуу 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн мод тарих хүсэлтэй иргэдэд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах Геоэкологийн хүрээлэнгийн мод үржүүлгийн талбайд 2 дахь сургалтаа амжилттай зохион байгууллаа.

Сургалтад хамрагдсан иргэд ойжуулалтын ажлын ач холбогдол, жимсний мод хэрхэн тариалах, хамгаалалтын ойн зурвас бүхий хүнсний ногооны аж ахуйг эрхлэн явуулах талаар өөрсдийн сонирхсон асуултдаа хариулт авч, шилмүүст болон навчит мод тарих арга, технологи, том модоор зурвас ой байгуулах ажлыг сургагч багш нарын хамт хийж гүйцэтгэв.

Иргэн бүр хашаандаа ногоон байгууламжтай болвол нийслэлд тулгамдаад байгаа хөрсний бохирдол, агаарын бохирдол, дуу чимээг шийдвэрлэх бүрэн боломжтой. Цаашлаад орчны бохирдол багасах нь иргэдийн эрүүл мэндэд эергээр нөлөөлөх билээ.