“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХАД УЛААНБААТАР ХОТЫН ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР” ТЕХНИКИЙН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭВ


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Улаанбаатар хотын оруулах хувь нэмэр” техникийн тайланг нийслэлин Байгаль орчны газрын дарга Э.Баттулга танилцуулсныг Зөвлөлийн гишүүд сайшааж, хэрэгжүүлэх арга хэмжээний төслүүдийг дэмжив.

Хурлаар тус тайланд тусгагдсан үйл ажиллагааг нийслэлийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, гадаад дотоодын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд тусгаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтэст даалгалаа.

Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцид 1993 оны 6 дугаар сарын 1-ний өдөр нэгдэн орсон бөгөөд Улсын Их Хурал Парисын хэлэлцээрийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр соёрхон баталсан.

Монгол орон нь газар зүйн байршил, экосистемийн эмзэг байдал, байгаль цаг уураас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий бөгөөд түүний үр дагавар нь газрын доройтол, усны болон ойн сангийн хомсдол, орчны бохирдол, байгалийн гамшигт үзэгдлийн тоо давтамж зэргээр хүчтэй илэрч байна.

Улаанбаатар хотын агаарын температурын олон жилийн дундаж өөрчлөлт 2.6oC байгаа нь Монгол орны дунджаас (2.24оС) 0.36oC-аар их, дэлхийн дунджаас 3 дахин өндөр байна.

Цаашид уур амьсгалын өөрчлөлтийн эрчимшил ойрын ирээдүйд буюу 2016-2035 онд 1.0-1.5oC, 2046-2065 оны үед 3.1oC, 2081-2100 оны үед 5.6oC хүртэл нэмэгдэж дулаарахаар байна.

Хур тунадасны хувьд өвлийн хур тунадас хүлэмжийн хийн ялгаралтаас хамааран хугацааны эхэн, дунд, төгсгөлд 12.1%, 30.7%, 52.4% хүртэл тус тус нэмэгдэх бол зуных бүх хугацаанд 10%-иас бага хэмжээгээр нэмэгдэх төлөвтэй байна.

1960 оноос хойших ажиглалтын мэдээгээр Улаанбаатар хотын агаарын температурын жилийн үнэмлэхүйн их утга 3.9оС-р нэмэгдэж, үнэмлэхүйн бага утга 4.8оС-р буурчээ. Хотын өдөр шөнийн температурын агуураг нэмэгдэхийн зэрэгцээ халуун хүйтэн өдрийн тоо уртсаж байгаа нь хотын эрчим хүчний хэрэглээнд нөлөөлнө. Тухайлбал, зуны цагт халуун өдрийн тоо нэмэгдэх нь цахилгаанаар ажиллах сэрүүцүүлэх төхөөрөмжийн хэрэглээг нэмэгдүүлэх бол хүйтэн өдрийн тоо нэмэгдэж байгаа нь барилгын дулаан алдагдал ихсэж, гэр хороололд нүүрсний хэрэглээ өсч улмаар агаарын бохирдолд сөргөөр нөлөөлнө. Зуны халуун, бүгчим халуун өдрүүд олширсноор хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн нарийн бичгийн дарга нарын газар хүргүүлсэн Монгол Улсын Үндэсний гурав дахь илтгэлд (2017) дулаарлаас болж зүрх судасны өвчин нэмэгдэж байгаа тухай онцлон тэмдэглэснээс харж болно.

Мөн түүнчлэн, Улаанбаатар хотын агаарын температур нэмэгдэж, хур тунадас буурч байгаа нь усны нөөц буурахад ч нөлөөлж байна. Сүүлийн жилүүдэд хийсэн судалгааны үр дүнгээс үзэхэд Туул голын сав дахь голуудын урсац 1990-ээд оны дунд үеэс хойш багасаж, өнөөг хүртэл үргэлжилж байна. Туул голын хамгийн их урсац болон зуны хур борооны хэмжээ нэмэгдээгүй ч түр зуурын аадар борооны улмаас уруйн үерийн давтамж, учруулах хохирлын хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байна.

Цаашид, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө нэмэгдэхийн хирээр Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын чадавхийг сайжруулах шаардлага үүсч байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлт нь эдийн засаг, нийгмийн олон салбарт нөлөөлж байна.

Монгол Улсын хүлэмжийн хийн 50.08% нь эрчим хүчний салбараас, 48.51% нь хөдөө аж ахуйн салбараас, 0.95% нь аж үйлдвэрийн салбараас, хамгийн бага буюу 0.46% нь хог хаягдлын салбараас ялгарсан байна.

Монгол Улсын “Үндэсний Зорилтот хувь нэмэр”-т 2030 он гэхэд хүлэмжийн хийн нийт ялгарал (газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт ба ойн салбар ороогүй)-ыг 14%-иар бууруулахаар төлөвлөсөн. Уг баримт бичигт хэрэгжих үйл ажиллагааг салбар тус бүрээр авч үзсэн боловч засаг захиргааны нэгжээр тооцож гаргаагүй байсан.

Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлын гол эх үүсвэр болсон нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд болон эрчим хүчний томоохон хэрэглэгчдийн ихэнх нь Улаанбаатар хотод төвлөрч байна. Тухайлбал, улсын хэмжээний ДЦС-уудын үйлдвэрлэсэн цахилгааны 86.5%, дулааны 81%, дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний зарцуулалтын 84.6%-ийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байгаа ДЦС-ууд эзэлж байгаа бол нийт түгээсэн цахилгаан эрчим хүчний алдагдлын 67%-ийг “Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК эзэлж байгаа тул хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хотын үүрэг маш их юм.

Иймд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НЗД-ын 2017 оны А/123 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдан “Үндэсний зорилтот хувь нэмэр” дэх Улаанбаатар хотын оролцоог тодорхойлсон бөгөөд Улаанбаатар хот нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад оруулах хувь нэмрээ тодорхойлсон анхны хотуудын нэг болж байна.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр дэх Улаанбаатар хотын оролцоо буюу хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломж нь 2030 онд 3,070 мян.тн СО2-экв/жил болж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын хэмжээний нийт ялгарлын 6%-ийг эзэлнэ.

Монгол Улс болон Улаанбаатар хотын хувьд хүлэмжийн хийн ялгаруулалт харьцангуй бага боловч нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ, нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулж байгаа байгалийн нөөцийн хэмжээгээрээ дэлхийд дээгүүр байр эзэлдэг.

“Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Улаанбаатар хотын оруулах хувь нэмэр” техникийн тайланг олон улсад ашиглаж байгаа нийтлэг загварын дагуу боловсруулсан бөгөөд энэхүү тайланг салбарын болон эдийн засгийн бүх салбарт үзүүлэх нөлөөллийг тооцоолох, тодорхой арга хэмжээг хэрэгжүүлснээс бий болох үр дүнг тодорхойлох зэрэгт ашиглаж, эрсдлийг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах замаар үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжууд бүрдэх юм.