Орон нутгийн хамгаалалтад авах зарим газар нутгийн асуудлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар дэмжив


Нийслэлийн Байгаль орчны газар нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачуурт голын хөндийн Бага Шар хоолойн Бэрх төгөл орчмын хүлэрт намаг бүхий 103 га, Гурван модны булаг, Доод төгөл орчмын усны шувууд цуглардаг намаг бүхий 81 га, Дээндийн нурууны зэрлэг амьтдын тархац, нүүдлийн зам дагасан ойн сан бүхий 6130 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, танилцуулга, хамгаалалтын горим, хилийн цэсийн төслийг боловсруулж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар уламжлуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барьсан.

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг асуудлыг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга танилцуулж, хурлын тэгүүлэгчид дэмжив.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дараагийн нэгдсэн хуралдаанаар уг асуудал хэлэлцэгдэж эцэслэн шийдвэрлэгдэх юм.

Дээрх нэр бүхий гурван газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авснаар тухайн экосистемийг бүхэлд нь тогтвортой хамгаалах, менежментийг хөгжүүлэхэд чухал ахиц гарах юм.