Хачигт халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна


Жил бүрийн 4-8 дугаар саруудад нийслэлийн ногоон бүсэд зорчих үед хачигт хазуулж халдвар авах эрсдэлтэй байдаг. Ялангуяа ургамал, модны шүүс хангалттай биш хаврын улиралд хачиг идэвхжин өвсний үзүүр, модны мөчирт зүүгдэж дэргэдүүр мал, амьтан өнгөрөхийг хүлээж байдаг. Хачгийн шүлсэнд байдаг мэдээ алдуулагч бодисын нөлөөгөөр хүн хазуулж байгаагаа төдийлөн мэдэрдэггүй. Хачгаар дамжин халдварладаг 30 гаруй өвчин байдгаас манай улсад хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз зэрэг 3 төрлийн өвчнийг 2005 оноос эхлэн оношлоод байна. 2017 онд хачгаар дамжих халдварын 1275 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний  465 буюу 36.5% нь ЗӨСҮТ-ийн лабораториор батлагдсан.

2018 онд Сонгинохайрхан дүүргийн Найрамдал зуслан, Жаргалант тосгон, Баянчандмань, Төв аймгийн Батсүмбэр суманд хачгаар дамжих халдварын шинжилгээг хийсэн бөгөөд хачигт риккетсиозын ДНХ дээрх газруудаас илэрч хачгийн халдварлалт байгаа нь тогтоогдсон. Хачигт энцефалит, хачигт боррелиозыг дамжуулагч хачиг нь ой мод ихтэй бүс нутаг Сэлэнгэ, Булган, Хөвсгөл зэрэг 8 аймгийн 17 сумд, хачигт риккетсиозыг дамжуулагч хачиг, 12 аймгийн 53 сум болон нийслэлийн 5 дүүргийн нутаг дэвсгэрт байгалийн голомтоор бүртгэгдсэн байна.

Хачигт хазуулахгүйн тулд тод өнгийн битүү хувцас, малгай өмсөх, биед хачиг унасан эсэхийг 2-3 цаг тутам шалгах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах боломжтой.

Халдвартай хачигт хазуулсан тохиолдолд хачгаар дамжин нян, эгэл биетэн, вирус, зарим шимэгч хүний биед орон цусанд үржих процесс явагддаг. Халдварын нууц үе 3-30 хоног байх бөгөөд халдвар авсан тохиолдолд халуурах, толгой, үе мөч өвдөх, арьсан дээр тууралт гарах зэрэг шинж тэмдэг илрэх тул нэн даруй эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.