Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хяналтыг явууллаа


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам” батлагдсан. Энэ журмын дагуу Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон байдаг.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 21/06 дугаар тогтоолоор нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хил хязгаарыг тэлж Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадна Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шалган нэвтрүүлэх товчоо, Ногоон зоорь, Туул зөрлөг, Ургах наран, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Малчин, Өлийн ам, Таван толгой, Цоохор, Цагаан эргээс бусад нутаг дэвсгэр, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Мал бордох, Баруунтуруун, 384-ийн гармын хэсгүүдийг тус тус нэмж хамруулсан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар хамтран хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, тус хороодын мал бүхий иргэдэд НИТХ-ын шийдвэрийг мэдэгдэж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.