Улаанбаатар хотын экосистемд суурилсан дасан зохицох арга хэмжээнүүдээс танилцууллаа


Ази-Номхон далайн бүс нутгийн даван туулах чадавх бүхий хот суурин газруудын 4 дүгээр форумыг Тогтвортой хөгжлийн төлөөх нутгийн захиргааны байгууллагуудын зөвлөл (ICLEI)-өөс Бүгд Найрамдах Энэтхэг Улсын нийслэл Шинэ Дели хотод 4 сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус форумд 25 улсын 90 хотоос нийт 200 гаруй төлөөлөгч 8 үндсэн хурал болон 7 салбар хуралдаануудад оролцон дараах сэдвүүдийг хамтран хэлэлцэв. Үүнд:

  • Даян дэлхийн үйл ажиллагааны хүрээ, чиг хандлагыг орон нутгийн төвшинд хөрвүүлэх
  • Хот суурин газруудын даван туулах чадавх болон уур амьсгалын мэдлэг, мэдээллийг харилцан суралцаж, туршлага солилцох замаар чадавхыг бэхжүүлэх
  • Засаглалын оролцоо ба орон нутгийн төвшинд хүртээмжтэй хамтын бүтээмж бүхий төсөл хөтөлбөрүүд, олон талын оролцоог хангасан даван туулах чадавхийг бэхжүүлэх төлөвлөлт ба үйл ажиллагаа
  • Экосистемд суурилсан дасан зохицох арга хэмжээ
  • Хот суурин газруудын даван туулах чадавхыг бэхжүүлэх санхүүжилтийн механизмууд.

Форумд Монгол Улсаас Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга “Улаанбаатар хотын экосистемд суурилсан дасан зохицох арга хэмжээний туршлагууд” сэдвээр илтгэл тавив.

Экосистемд суурилсан дасан зохицох үйл ажиллагаа нь хэдий урт, дунд хугацаанд үр дүн нь гардаг боловч зардал багатай, тогтвортой арга зам байдгаараа онцлогтой.

Улаанбаатар хотын хэрэгжүүлж буй Туул голд минж нутагшуулах замаар голын урсцыг тогтмолжуулах, Сэлбэ голын эхийг орон нутгийн хамгаалалтад авч, явган аяллын зам болгон тохижуулах замаар үерийн эрсдэлийг бууруулах, Балт зөгийгөөр ургамалан бүрхэвчийг нэмэгдүүлэх төслүүд оролцогчдын анхаарлыг татаж, сайшаал хүртэж байлаа. Төслийн үйл ажиллагааг өргөжүүлэх нь бага зардлаар үр дүнтэй нөлөөг бий болгох бүрэн боломжтой болох нь олон орны мэргэжилтэн, судлаачдын дүгнэлтээр тодорхойлогдов.

Тус форумаас “Шинэ Делигийн уриалга” гарсан бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилго 2030-ын хотуудыг даван туулах чадавх бүхий хүртээмжтэй, тогтвортой хөгжүүлэх 11 дүгээр зорилго, Сендайн үйл ажиллагааны хүрээ болон Хот суурин газрын шинэ хөтөлбөртэй уялдсан хотуудын Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд оруулах хувь нэмрийг эрчимжүүлж, шинийг эрэлхийлсэн шийдлүүдийг дэмжихийг уриаллаа.