ТОРЛОГДСОН ЗЭРЛЭГ АМЬТДАД ТУСЛААРАЙ


Хотын хөгжил, хүн амын өсөлт, суурьшлын бүсийн тэлэлтээс хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл өссөөр байгаа хэдий ч нөгөө талаас нийслэлийн Шуурхай удирдлагын төвд байгаль орчны гэмт хэрэг, зөрчлийн мэдээ, бэртэж гэмтсэн амьтдын дуудлага мэдээлэл өгдөг, анхаарал хандуулдаг зөв хандлагатай иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна.
 
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтан хамгааллын асуудалд ихээхэн анхаарч анх 2017 онд амьтан асрах төвийг байгуулан ашиглалтад оруулж үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна.
 
Амьтан асрах төв ашиглалтад орсон цагаас хойш хөвчийн хүрэн баавгай, бүргэд, шонхор, буга, гөрөөснөөс гадна элбэг тархацтай өмхий хүрнэ, үен, мануул, могой, шар шувуу гэх мэт зэрлэг амьтдын дуудлага тасраагүй билээ. 2019 он гарсаар зэрлэг амьтантай холбоотой 50 орчим дуудлага хүлээн авснаас долдугаар сард эрс нэмэгдэж дийлэнх тохиолдолд бор гөрөөсний янзага болон бусад төрөл, зүйлийн амьтдын үр төл бэртэж гэмтсэн тохиолдлууд бүртгэгдэж амьтан асрах төвд хүргэгдсээр байгаа.
 
Зэрлэг амьтад нь тэр бүр суурьшлын бүсэд орж ирэх нь ховор тохиолдол боловч идэш тэжээлийн хомсдол, амьдрах орчинд үзүүлэх хүний сөрөг нөлөөлөл, экосистемийн тэнцлийн алдагдал зэргээс үүдэлтэйгээр төв суурин газарт тохиолдох  нь элбэг боллоо.
 
Нийслэлийн ногоон бүсэд илэрч буй зэрлэг амьтдад үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах болон иргэд өөрийгөө эрсдэлээс хамгаалах дараах зөвлөмжүүдийг их хотын иргэн танд хүргэж байна.
 
Зөвлөмж:

1. Зуслангийн ногоон бүсийн ой, усны санд зөвшөөрөлгүй төмөр торон хашаа бүү бариарай. Зуслангийн хашаа хайлсандаа төмөр тор бүү ашиглаарай; 
Хот орчмын ногоон бүсийн хөхтөн амьтад нь хүний хөл хөдөлгөөн, чимээ шуугиан тасармагц шилжилт хөдөлгөөн хийж, ил задгай ус бараадах, идэш тэжээлдээ очих нь зэрлэг амьтны биологийн онцлог, экосистемийн тогтолцоотой шууд холбоотой байдаг. Сүүлийн жилүүдэд Нийслэлийн ногоон бүсэд гөрөөс, янзага зэрлэг нохдод хөөгдөж бариулах, торон хашаанд орооцолдох, хавчуулагдах зэрэг сөрөг нөлөөлөл хамгийн их гарч байна. Учир нь төмөр, торон хашаа нь зэрлэг амьтны нүдэнд харагдахгүй мөргөх, орооцолдож бэртэх, зүүгдэж үхэх гэх мэт маш их хор хөнөөл учруулж байна.  

2. Зэрлэг амьтны нялх үр төлийг гэртээ тээвэрлэн авчрахгүй байх;
Иргэд ихэвчлэн 7, 8 дугаар саруудад хөдөө хээр, аялж зугаалахдаа зэрлэг амьтны үр төл, ялангуяа бор гөрөөсний янзагыг төөрсөн хэмээн андуурч хот уруу тээвэрлэн авчирдаг. Зэрлэг амьтад нь байгалийн аясаараа хэзээ ч үр төлөө орхиж явдаггүй ба үр төлөө нуух, магадгүй аюулаас хамгаалах зорилгоор орхих тохиолдлууд байдаг. Иймд байгаль бол тэдний орон гэр ба та тэднийг үргээхгүй, сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хог хаягдлаа цэвэрлээд ирээрэй.
 
3. Жил бүрийн хавар 4-өөс 6 дугаар саруудад ямар нэгэн шувууны дэгдээхэйг тайван орхих, чимээ гаргаж хөөхгүй байхыг хүүхдүүддээ анхааруулаарай;
Хаврын урин дулаан цаг ирмэгц бартаа ихтэй хад асга, уулын энгэр, нөмөр нөөлөг газар бараадан ангир, талын сар гэх мэт шувууд өндөглөж 5, 6 дугаар саруудад даль жигүүр нь гүйцээгүй дэгдээхэйнүүд хөдөлгөөнд орж эхэлдэг. Энэ үед хүүхдүүд шохоорхон сохирхож үргээх, машин техникийн чимээнээс үргэж эрсдэлд ордог. Тэднийг тайван орхиорой эх нь харж байгаа төдийгүй, тодорхой хугацааны дараа тэд хүрэх газраа очно гэдгийг санаарай.
 
4. Гол усны ойр болгоомжтой хандаж, могой тааралдвал оролдохгүй тайван явуулбал хамгийн том сэрэмжлэл байх болно. Могойн хор аюулын талаарх хүүхдүүддээ тайлбарлан ойлгуулаарай;  
Могой нь идэш тэжээл хайх, усны хэрэгцээгээ хангах, амьдрах таатай орчныг олох зорилгоор суурьшлын бүсэд орж ирэх нь цөөнгүй болжээ. Могойнд хазуулах тохиолдол ч гарч байна. Могой шууд хазаж хатгах гэж дайрдаггүй хамгийн түрүүнд зугтах гэж л тэмцэнэ. Оролдоод байвал өөрийгөө байгааг илэрхийлж, аюул мэдрэгдэх үед тэсвэр алдан хатгаж орхидог. Могойн нутагшил хаа сайгүй. Уул хадтай, ус, модтой газар төдийгүй барилга, суурьшлын бүсэд тээвэрлэгдэн ирж байгаа тохиолдлууд ч бүртгэгдэж байна. Нийслэлд ихэвчлэн Бамбайн хоншоорт болон Рашааны могой тохиолддог. Бамбайн хоншоорт  бол монголд хамгийн түгээмэл тохиолдох нэг төрлийн хортой могой. Рашааны могой. Монголд хамгийн элбэгт тооцогдох хор аюулгүй могой.

 
Хэрэв могойд хазуулвал газар дээр нь ямар арга хэмжээ авах вэ?
 
Хазуулсан дариудаа хорыг шахаж гаргах, сорж авах арга бий. Могойн хор зөвхөн цусанд үйлчилдэг тул амны хөндий гэмтээгүй тохиолдолд сороход яах ч үгүй. Ингээд эмнэлэгт очтолоо сахартай бүлээн ус маш сайн уугаарай. 
Хуруу, үе, мөч дээрээ хазуулчихаад юмаар боох бол хамгийн буруу үйлдэл шүү. Харин ч тэр хорыг зөвхөн тэр хэсэгт боохгүй тараах нь зөв. Ингэж байж хорны үйлчлэл саармагжина. Эс бөгөөс хазуулсан гар, хуруугаа тайруулахаас өөр аргагүйд хүрдэг байна.

 
5. Мануул, үен, өмхий хүрнэ зэрэг халдвар тээх магадлалтай амьтдаас сэрэмжлээрэй;
Өмхий хүрнэ зуслангийн байшингийн суурь, гэрийн шалны дор байрлан, үүрлэх нь ихэвчлэн 7-8 дугаар саруудад тохиолдож байна. Энэ амьтан хүчтэй өмхий үнэртэй шингэн ялгаруулдаг төдийгүй элдэв төрлийн шимэгч бүүрэг, галзуу болон тарваган тахал зэрэг өвчний халдвар тээдэг. Ер нь хотжилтын нөлөөгөөр тухайн амьтдын амьдрах орчин жилээс жилд хумигдаж, тэжээлийн хомсдол гэх мэт олон шалтгаанаар суурьшлын бүсэд орж ирэх, үүрээ засах явдал ихсэж байна. Эдгээрээс тухайн зүйл амьтны тоо толгой цөөрөх, экосистемийн тэнцвэрт байдал алдагдахаас гадна хотын иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл үүсэх аюултай. Иймд зориулалтын барих, хамгаалах багаж хэрэгсэлгүйгээр оролдох, барих, алахыг хориглоно.
 
6. Иргэн та гэмтэж бэртсэн зэрлэг амьтны талаарх мэдээллийг Нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 11-310005 дугаарын утсаар мэдэгдээрэй;
Та бэртэж гэмтсэн зэрлэг амьтантай тааралдвал тэд жижиг том гэлтгүй өөрийгөө хамгаалах биологийн онцлогтой гэдгийг санаарай. Та энэ талаарх дуудлага мэдээллийг өгсөнөөр амьтны амь аврах устаж, ховордож буй биологийн төрөл зүйлийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулах болно. Таны дуудлагын дагуу холбогдох мэргэжилтнүүд, амьтны эмч тухайн амьтанд анхны тусламж үзүүлж, байгальд нь буцаан нутагшуулах болно.