ХӨЛ ГАЗРЫН УРГАМЛЫГ ХЭРХЭН ТАЙРАХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ


Нийслэлийн Байгаль орчны газраас “Ази-Европын Мон-Экологи төв” НҮТББ-тай хамтран, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 19-р хорооны хэсгийн ахлагч нар, иргэний бүлгэмийнхэн, ногоон бүсийн байгаль хамгаалагч нар, мэргэжилтнүүдэд зориулсан ”Хөл газрын ургамлын тайралт” практик сургалтыг 2019 оны 08 сарын 09-ний өдөр Их, Бага Баян, Жигжидийн зусланд зохион байгууллаа. Тайралт хийх арга туршлагыг мэргэжлийн байгууллагын ажилтнууд газар дээр нь оролцогчдод зааж сургав.
 
                
 
Шарилж, луулийн тоосжилтын талаар мэдээлэл хангалтгүй байдгаас иргэд энэ төрлийн ургамлуудыг зулгаах, шатаах зэргээр тархалтыг хязгаарлана, “устана” гэдэг буруу ойлголттой байдаг. Гэтэл энэ нь ямар нэг үр дүн өгөхгүй төдийгүй харин ч харшил үүсэх гол шалтгаан болдог. Тэгвэл энэ төрлийн ургамлын тоосыг дэгдэхээс өмнө тайралт хийх нь хамгийн сайн арга болох бөгөөд хотын ногоон бүсэд өнгөрсөн болон энэ жил хийгдсэн мэргэжлийн байгууллагуудын туршилт судалгаануудаар батлагдсаар байна. 

Зөв тайралтыг хийж хэвшсэнээр хөл газрын ургамал буюу бидний ярьж заншсанаар “хогийн ургамал” аяндаа багасч, оронд нь олон наст, үет ургамал урган гарч, зүлэгжилтийн хэмжээ ихэснэ. Хөл газрын ургамлын зөв тайралтыг хугацаанд нь хийж хэвшсэнээрээ хавар бүр асуудал болдог шар өвсний түймрээс ч урьдчилан сэргийлэх боломжтой.
 
Иймд иргэн бүр шарилж, лууль болон бусад хөл газрын ургамлын эхний тайралтыг 6 дугаар сарын дундуур, хоёр дахь тайралтыг 7 дугаар сарын 3-4 дэх долоо хоногт, гуравдугаар тайралтыг 8 дугаар сарын 2-3 дахь долоо хоногт хийх хэрэгтэй. Нэгээс хоёр удаа тайраад орхих биш жил бүр тайралтыг дээр дурьдсан хугацаанд тогтмол хийж хэвших нь чухал юм. Тайралт хийх хугацаа нь жил бүрийн цаг уурын нөхцөл байдал, өөрчлөлтөөс болж бага зэргийн хэлбэлзэл гарах магадлалтай тул мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө авч байгаарай.
 
Тайралтыг 2 жил дараалан ургамлынхаа дээд талаас нь 6-7 см орчим зайтай хийхэд үр дүн тодорхой гарч таны амьдарч буй орны чанар сайжирч, та харшил өвчнөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж, орчны доройтлоос сэргийлж чадна.
 
Нийслэлийн Байгаль орчны газраас энэ ажлыг нийтийг хамарсан “олон нийтийн хөдөлгөөн” болгон өргөжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.