УЛААНБААТАР ХОТОД ӨВӨЛЖДӨГ ШУВУУДЫН 2016-2018 ОНЫ СУДАЛГАА


Дэлхий дээр өндөр хөгжилтэй олон улс орны томоохон хотууд өвөлжиж буй шувуудынхаа тооллогыг мэргэжлийн байгууллагуудаар удирдуулан хотын иргэдийнхээ хүчийг ашиглан хийдэг. Энэхүү үйл ажиллагаанд улс орон бүрийн үндэсний шувуу судлалын мэргэжлийн байгууллагууд хамтран амжилттай хэрэгжүүлсээр иржээ.

Хотынхоо өвөлждөг шувуудыг ажиглан, тандалт хийж, өвөл бүр тоо толгойг нь хянах нь тухайн хотын хүрээлэн буй орчны өөрчлөлт төдийгүй хотынхоо эрүүл байгаа эсэхийг тандах боломжийг олгодог. Мөн олон жилийн цуглагдсан мэдээ нь тухайн улс орны шувуу судлалын шинжлэх ухаанд маш их хувь нэмэр оруулдаг байна.

Энэ арга хэмжээний эхлэлийн буюу туршилтын ажлыг 2016 оны 2 дугаар сард дээрх байгууллагууд Нийслэлийн байгаль орчны газрын байгаль хамгаалагчид, Улаанбаатар хотод шувуу ажигладаг болон шувуу судалдаг байгууллага, залуучуудын хамт нийт 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй хотын өвөлждөг шувуудыг бүртгэж, тоолох ажлыг нийслэлийн 7 дүүргийн нутгийг хамруулан гүйцэтгэсэн ба энэ тооллогоор 27 зүйлийн нийт 7583 бодгаль шувууг бүртгэжээ. Харин 2017 оны ажиглалтаар 31 зүйлийн нийт 9494 бодгаль шувуудыг тоолжээ.

Энэхүү арга хэмжээг жил бүр тогтвортой хийж гүйцэтгэснээр байгаль хамгаалагчид шувуудаа таньж мэдэх мөн мониторингийн арга зүйд суралцах ач холбогдолтойгоос гадна удаан хугацаанд тооллогын үр дүнг ашиглан шувуудын зүйлийн бүрдэл, тоо толгойд гарч буй өөрчлөлтийг мэдэх боломжтой болно. Мөн хотын иргэдийг тооллогын ажилд татан оролцуулснаар тэдний шувуудыг таньж мэдэх мөн хайрлан хамгаалах сэтгэлгээг хөгжүүлэх ач холбогдолтой юм.

Зураг 1. Шивэр энхэтбялзуухай Зураг 2. Банхар бялзуухай
 

Жил бүрийн мониторинг тооллого эхлэхийн өмнө шинээр оролцох хүмүүст арга зүйн зөвлөгөө болон сургалт зохион байгуулдаг. Энэ жил Монголын шувуу хамгаалах төвийн оффисд шинээр оролцох хүмүүс ирж "Монгол орны шувууд", "Нийслэлд өвөлждөг шувууд" болон "Шувуудыг хэрхэн тоолох болон үнэлэх вэ?" зэрэг сэдвээр сургалтад хамрагдсан. Ингэснээр мэдээгээ бодитойгоор ижил загвараар цуглуулах боломжтой болсон. 

Нийслэлийн 7 дүүргийн 37 газарт 2018 оны 2 сарын 24-ны өдрийн өглөөний 9-11 цагийн хооронд өвөлжиж буй шувуудын ажиглалт, тооллогыг гүйцэтгэсэн. 

Ажиглалтад оролцсон хүмүүс бүгд ижил цаг хугацаанд өөрсдийн хариуцсан газраар 9-11 цагийн хооронд алхаж, энгийн бүртгэх арга зүйн дагуу тааралдсан шувуудын зүйлийг тодорхойлж, тоог нь бүртгэсэн. 

Ажиглалтаар 41 зүйлийн нийт 6310 бодгаль шувуудыг тоолжээ (хүснэгт 1). Тоологдсон шувуудын зүйлийн бүрдэл тооллогод хамрагдсан газар бүрээр харилцан адилгүй байсан нь суурин газар болон харьцангуй хотын зах орчим газрыг шүтэн амьдардаг шувуудын зан төрхийн онцлогтой холбоотой юм. Нийт бүртгэгдсэн шувуудаас бүс нутаг болон олон улсын хэмжээнд ховордлын зэрэгтэй Нөмрөг тас болон Идлэг шонхор шувууд бүртгэгдсэн.  

Хүснэгт 1. Ажиглалт, тооллого явагдсан газрууд ба шувуудын зүйл, тоо

Англи нэр Монгол нэр Бүс нутгийн үнэлгээ* Олон улсын үнэлгээ* Бүртгэгдсэн тоо
1 Black-billed Capercaillie Нургийн сойр LC LC 11
2 Daurian Partridge Дагуур ятуу LC LC 19
3 Ruddy Shelduck Хондон ангир LC LC 139
4 Mallard Зэрлэг нугас LC LC 85
5 Common Merganser Хумхин бохио LC LC 7
6 Common Goldeneye Алаг шунгаач LC LC 12
7 Common Kestrel Начин шонхор LC LC 3
8 Saker Falcon Идлэг шонхор VU EN 3
9 Cinereous Vulture Нөмрөг тас LC NT 69
10 Upland Buzzard Шилийн сар LC LC 1
11 Northern Goshawk Үлэг харцага LC LC 1
12 Rock Pigeon Хөхвөр тагтаа LC LC 523
13 Hill pigeon Хадны тагтаа LC LC 6
14 Lesser Spotted Woodpecker Бага-алаг тоншуул LC LC 1
15 Great Spotted Woodpecker Их-алаг тоншуул LC LC 9
16 Black Woodpecker Хар тоншуул LC LC 74
17 Grey-faced Woodpecker Буурал тоншуул LC LC 1
18 Azure-winged Magpie Цэнхэр шаазгай LC LC 18
19 Black-billed Magpie Алаг шаазгай LC LC 433
20 Spotted Nutcracker Самарч шаазгай LC LC 2
21 Red-billed Chough Улаанхошуут жунгаа LC LC 373
22 Daurian Jackdaw Алагтуу хэрээ LC LC 135
23 Carrion Crow Хар хэрээ LC LC 934
24 Common Raven Хон хэрээ LC LC 153
25 Bohemian Waxwing Шивэр энхэтбялзуухай LC LC 601
26 Great Tit Их хөхбух LC LC 53
27 Willow Tit Хүрэнтолгойт хөхбух LC LC 9
28 Coal Tit Өдөрч хөхбух LC LC 4
29 Azure Tit Номин хөхбух LC LC 13
30 Horned Lark Шооронэвэрт болжмор LC LC 1
31 Wood Nuthatch Өрнийн тоншголжин LC LC 8
32 Fieldfare Дуулгат хөөндэй LC LC 1
33 House Sparrow Оронгийн боршувуу LC LC 175
34 Eurasian Tree Sparrow Хээрийн боршувуу LC LC 2365
35 Siberian Accentor Сибирийн хайруулдай LC LC 1
36 Chaffinch Дуулгат бужирга LC LC 1
37 Common Redpoll Дөлөн цэгцүүхэй LC LC 12
38 Hoary Redpoll Шунхан цэгцүүхэй LC LC 4
39 Long-tailed Rosefinch Үүрэн сүүлтзана LC LC 2
40 Eurasian Bullfinch Эгэл зана LC LC 18
41 Hawfinch Банхар бялзуухай LC LC 30

*LC- Least Concern буюу Анхаарал өртөхөөргүй, NT- Near Threatened буюу Ховордож болзошгүй, VU- Vulnerable буюу Эмзэг, EN – Endangered буюу Устаж болзошгүй.

Тооллогод хамрагдсан 37 орчим газраас доорх газруудад шувууд тоо толгойн хувьд харьцангуй олон байсан байна (хүснэгт 2). 

Хүснэгт 2. Шувууд олон тоотойгоор байршиж буй газрууд

Байршил Зүйлийн тоо Нийт тоо
1 БЗД-ийн 20-р хороо, Гачууртын Шар хоолой 7 320
2 ХУД-ийн 12-р хороо, Биокомбинат 5 277
3 СХД-ийн Баруун туруун 4 740
4 СХД-ийн 21-р хороо, Цагаанчулуут, Бороож 5 235
5 Барс захын хойд цэцэрлэг 10 292
6 Сонгино, Хун нуур, Туулын бургас 35 1282
7 Хан-уул дүүрэг, Дунд голын хөндий, ХААИС 10 374
 

Өмнөх жилийн буюу 2017 онд нийт ажиглагдсан 31 зүйл шувуудаас 100 болон түүнээс дээш тоогоор бүртгэгдсэн 11 зүйлийн шувууд байсан. Харин 2018 онд 100 болон түүнээс дээш тоогоор 10 зүйлийн шувууд бүртгэгдсэн (хүснэгт 3). Дээрх 10 зүйлийн шувууд хот дотор болон хотын эргэн тойронд хамгийн түгээмэл ажиглагдсан ба хамгийн олон тоогоор Хээрийн бор шувуу нийт 2365 бодгаль бүртгэгдсэн. Энэ нь судалгаанд хамрагдсан нийт шувуудын 37 орчим хувийг дангаараа эзэлж байна. Хондон ангир, Шивэр энхэт бялзуухай хоёроос бусад нь манай хотын төв орчимд жилийн аль ч улиралд тогтмол тохиолддог ба дийлэнх нь хэрээний овгийн шувууд юм. Энэ жилийн хувьд өмнөх хоёр жилтэй харьцуулахад түгээмэл тохиолддог шувуудын тоо тодорхой хэмжээгээр цөөн бүртгэгдсэн ч зүйлийн бүрдлийн хувьд харьцангуй олон байв. Энэ нь тухайн жилийн цаг агаарын нөхцөл өөрөөр хэлбэл цасны нимгэн, зузаан мөн өмнөх жилийн жимсний модны ургацын үр дүнтэй холбоотой байж болох юм.      

Хүснэгт 3. Нийслэлд болон нийслэлийн ногоон бүсэд хамгийн түгээмэл буюу 100-гаас дээш тоогоор  бүртгэгдсэн шувууд

Шинжлэх ухааны нэр Англи нэр Монгол нэр Бүртгэгдсэн тоо
1 Tadorna ferruginea Ruddy Shelduck Хондон ангир 139
2 Columbia livia Rock Pigeon Хөхвөр тагтаа 523
3 Pica pica Black-billed Magpie Алаг шаазгай 433
4 Pyrrhocorax pyrrhocorax Red-billed Chough Улаанхошуут жунгаа 373
5 Corvus dauuricus Daurian Jackdaw Алагтуу хэрээ 135
6 Corvus corone Carrion Crow Хар хэрээ 934
7 Corvus corax Common Raven Хон хэрээ 153
8 Bombycilla garrulus Bohemian Waxwing Шивэр энхэтбялзуухай 601
9 Passer domesticus House Sparrow Оронгийн боршувуу 175
10 Passer montanus Eurasian Tree Sparrow Хээрийн боршувуу 2365
 
Зураг 3. Түгээмэл тохиолдох зүйлийн 2017 ба 2018 оны харцуулалт Зураг 4. 2017 болон 2018 онуудад бүртгэгдсэн усны шувууд