“ХОТ БА ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН - 2019” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль, Нийслэлийн Байгаль орчны газар, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Туул голын сав газрын захиргаа хамтран 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Хот ба хүрээлэн буй орчин-2019” зөвлөлдөх уулзалтыг МУИС-ийн хурлын танхимд зохион байгууллаа. 
 
Зөвлөлдөх уулзалтаар Улаанбаатар хотод тулгамдаж байгаа хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлыг судалгаанд үндэслэн шийдвэрлэх боломж, саналыг МУИС, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн багш нар танилцуулж, харилцан мэдээлэл солилцож оролцлоо. Тус уулзалтаар Улаанбаатар хотын хөрс, усан орчин, хог хаягдал, ногоон байгууламж, ойн экосистем, тусгай хамгаалалттай газар нутгийн 7 томоохон сэдвийг хөндлөө.  
 
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн илтгэлд өвлийн улиралд авто зам, явган хүний зам талбайн цасны цэвэрлэгээнд жил бүр их хэмжээний давс ашиглаж байгаа нь авто зам орчмын хөрсөнд сөргөөр нөлөөлж, ногоон байгууламж ургахад сөрөг нөлөөлөл үзүүлдэг болох нь тогтоогдсон тул цаашид энэ асуудлыг онцгой анхаарч, нэмэлт судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй талаар дурдлаа. 
 
 
МУИС-иас хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн үрсэлгээнд хар шорооны ашиглалтаас татгалзаж, байгалийн гаралтай бордоонд шилжих Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1033 дугаар захирамжийг зөв зүйтэй шийдвэр болсныг онцолж, хар шороог орлуулах бүтээгдэхүүнийг сурталчлах, агаар орчны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах шинжлэх ухааны судалгаанд суурилсан олон шийдлүүдийг санал болгон танилцууллаа.