НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ ДЭД ХӨТӨЛБӨР”-ИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСГИЙГ БАЙГУУЛЛАА


Нийслэлийн нутаг дэвсгэрт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэд хөтөлбөрийн зорилго нь байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг багасгах арга хэмжээг яаралтай авах, хүлэмжийн хийн ялгаралтыг багасгах, үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн “Улаанбаатар хотыг дэлхийн жишигт нийцсэн, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай хот болгож, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх”-эд зорилтот хувь нэмэр оруулахад оршино. Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний зорилт, арга хэмжээ” сэдэвт үндэсний чуулганыг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулсан. Тус чуулганаар "Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт "баримт бичиг“-ийг Монгол Улсын Засгийн газар 2019 оны 11 дүгээр сард хэлэлцэн баталсан бөгөөд уг баримт бичигт Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 2015 онд тодорхойлсон 14% хувиар бууруулах зорилтыг ахиулан 22.7%-д хүргэхээр болгосон байна.  
 
Монгол Улсын тодорхойлсон хувь нэмэр 22.7% болон нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн зорилтот хувь нэмрийг дахин тодорхойлох, суурь судалгааг явуулах, судалгаанд үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/644 дүгээр захирамжийн дагуу боловсруулсан Нийслэлийн нутаг дэвсгэрт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэд хөтөлбөрийн төслийг дахин боловсруулах шаардлагатай болж байна.