АВСТРАЛИД САНААТАЙ ТҮЙМЭР ТАВЬСАН 98 ХҮНИЙ 67 НЬ ӨСВӨР НАСНЫХАН БАЙЖЭЭ


Австралийн эрх баригчид сүүлийн үед дэлхийн хэмжээний асуудал болоод байгаа ой хээрийн түймэртэй холбоотой 205 хэрэгт 183 хүнийг буруутган, баривчилсан байна.
 
Тэднийг өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш Квийнслэнд, Шинэ Өмнөд Уэльс, Викториа, Австралийн өмнөд хэсгийн нутгууд, Тасманиас баривчилсан аж. Цагдаа нарын мэдээлснээр Квийнслэндэд гарсан 103 түймрийг 98 хүн санаатай тавьснаас 67 нь өсвөр насны хүүхэд байсан гэнэ.
 
Харин Шинэ Өмнөд Уэльсэд гал тавьсан хэргээр 24 хүнийг баривчилж, галын хоригийг сахиагүй хэмээн 53 хүнд хуулийн хариуцлага хүлээлгэхээр болсон байна. Мөн 47 хүн чүдэнз болон тамхины ишээ унтраалгүй хаясан хэмээн буруутгагджээ. 
 
Австралийн хуульд түймэр тавьсан гэмт хэрэгтэнд 21 жил, бусдын болон нийтийн өмчийг сүйтгэсэн гэж хүндрүүлэх нөхцөлтэй бол 25 хүртэлх жил хорих ял оноодог байна.
 
Харин галын хориотой үед гал түлсэн хүн нэг жил хүртэл хорих ял эдлэх эсвэл 5500 австрали долларын торгууль төлдөг бол галын эрсдэлтэй газраас 15 метрийн дотор тамхи татсан хүнийг мөн 5500 австрали доллараар торгодог ажээ.
 
Австралийн хуулийн байгууллага түймрийг санаатай тавьсан асуудлаар Шинэ Өмнөд Уэльс, Викториа, Квийнслэнд зэрэг 5-6 мужид хамаарах 205 хэрэг үүсгэж, 183 хүнийг баривчлаад байгаа юм.