ХАВРЫН ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА


Манай орны нутаг дэвсгэрт 4, 5 дугаар сард шар усны үер голчлон тохиолддог боловч энэ жилийн хувьд Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр 3, 4 дүгээр саруудад Улаанбаатар хот орчимд олон жилийн дунджаас 1.0-1.5 цельсийн градусаар дулаан байх төлөвтэй байгаа тул шар усны үер болох эрсдэл өндөр байна.
 
Шар усны үерийн улмаас их хэмжээний хөрс, усны бохирдол үүсч хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, халдварт өвчин тархах, хөрсний гулгалт үүсэх, цахилгаанаас үүдэлтэй гал гарах, барилга байгууламж, гэр сууц усанд автах зэрэг эрсдэл үүсдэг.

Иймээс өндөр уулын ам, гуу, жалга, сайр, голын ойр амьдарч буй иргэд, байгууллага шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.