ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ


Нийслэлийн Байгаль орчны газар нь нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт гол горхи, булаг шандны усыг түшиглэн хөв цөөрөм байгуулах боломжит газрын судалгааг 2019 онд хийлгэсэн.

Тус судалгаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улиастай, Гачуурт, Хуандай, Дээндий, Хонхор, Налайх дүүргийн Их ам зэрэг газруудад гол горхи булаг шандны усыг түшиглэн хөв цөөрөм байгуулах боломжтой гэж үзсэн. 

Жилд дунджаар 80 орчим сая.м3 газрын доорх усыг ашигладаг манай хотын хувьд гүний цэвэр усны хэрэглээг боломжит бүх арга замаар бууруулж, гадаргын ус ялангуяа бороо, цас, үерийн усыг хуримтлуулан ашиглах нь эдийн засгийн болон байгаль хамгааллын онцгой ач холбогдолтойгоос гадна тухайн орчны биологийн төрөл зүйл нэмэгдэх, амьдрах таатай орчин бүрдэх зэрэг давуу талуудтай юм. 

Иймд дээрх газруудад өөрийн хөрөнгөөр, нийгмийн хариуцлагын хүрээнд хөв байгуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг тус газрын ахлах мэргэжилтэн Ч.Дамбасүрэн /утас: 38003/-ээс авна уу.