ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДАА ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР МОД ТАРЬЖ, ТАРЬСАН ОЙГОО ТӨРДӨӨ ХУДАЛДЬЯ


Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагааны улмаас ногоон бүсийн ойн санг доройтож хомсдож байна. 
 
Нийслэлийн ногоон бүсэд ойг нөхөн сэргээх, ойжуулах ажлыг орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгөөр жил бүр хийж гүйцэтгэдэг бөгөөд 2016-2019 онд нийт 599 га талбайд ойжуулах нөхөн сэргээх ажлыг хийж гүйцэтгээд байна. 
 
Жил бүр иргэн, хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан таримал ойг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А96/71 дугаартай тушаалаар батлагдсан “Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, таримал ойг улсын санд худалдан авах, өмчлүүлэх” тухай журмын дагуу худалдан авдаг.
 
Одоогийн байдлаар улсын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн 81 га таримал ойг 81,7 сая төгрөгөөр улс худалдан аваад байна.
 
Өөрийн хөрөнгөөр мод тарихаар бол иргэн, хуулийн этгээд хаана хандах вэ?
  • Иргэн, аж ахуйн нэгж байгууллага өөрийн хөрөнгөөр мод тарьж, таримал ойгоо худалдах хүсэлтэй бол “Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, таримал ойг улсын санд худалдан авах, өмчлүүлэх” тухай журмын дагуу  Нийслэлийн байгаль орчны газарт албан хүсэлтээ өгөх шаардлагатай юм.
  • Нийслэлийн байгаль орчны газар таны хүсэлтийг хүлээн авч, ойжуулах, нөхөн сэргээх газрыг сонгож өгч, хамтран ажиллах гэрээг байгуулна.
 
Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас худалдан авах таримал ойд дараахь төрлийн ой хамаарна. Үүнд:
  • Мод бэлтгэсэн талбай, ойн түймэр, хөнөөлт шавж болон бусад байгалийн гамшгийн нөлөөгөөр ойгүй болсон талбайд тарьж ургуулсан ой мод
  • Усны ундарга, ай сав болон баян бүрдийг  хамгаалах зорилгоор тарьж ургуулсан ой, мод
  • Хээршилт, цөлжилт, элсний нүүлтээс хамгаалах зорилгоор тарьж ургуулсан төгөл ой, ойн зурвас
  • "Ногоон хэрэм"-ийн үндсэн чиг зурвасын дагуу тарьж ургуулсан ой, мод
 
Таримал ойг үнэлэх, худалдан авах шалгуур үзүүлэлт ямар байдаг вэ?
 Худалдаж авах таримал ой нь дараахь шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд:     
  • Таримал ойн талбайн хэмжээ 0.5 га -гаас багагүй байна.
  • Үр ба тарьц суулгацаар ойжуулалт хийснээс хойш 5-аас дээш жил арчилж ургуулсан 8 ба түүнээс дээш настай байна
  • Ойт хээрийн бүсэд 0.5 га-д 700, тал хээрийн бүсэд 500-аас багагүй цаашид ургаж, амьдрах чадвар бүхий таримал модтой байна.
 
Нэг га таримал ойг төр хэдэн төгрөгөөр үнэлж авдаг вэ?
  • 1 га таримал ойг 1 сая төгрөгөөр үнэлсэн.  Гэхдээ модны төрөл, тоо болон ямар бүсэд тарьснаас шалтгаалан үнийн хэлбэлзэл өөр өөр байна. 
  • Модны төрөл, тоогоор  ангилж итгэлцүүрийн үнэ гаргасан. Тухайлбал, жодоо, тоорой, жигд, сухай зэрэг үнэт үйлдвэрийн модны нэг га дахь таримлыг 1.5 сая төгрөгөөр төр худалдаж авна.
 
Таримал ойгоо худалдах ир¬гэд хаана хандах ёстой вэ?  
  • Иргэн, байгууллага өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан ойгоо худалдахаар бол хүсэлтээ сум, дүүргийн Засаг даргадаа гаргана. Засаг дарга болон ойн ангийн тодорхойлолтын хамт /ойн ангигүй тохиолдолд байгаль хамгаалагч  / жил бүрийн наймдугаар сард багтааж аймаг, нийс¬лэлийн Байгаль орчны газарт хүргүүлнэ.
  • Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар нь Засаг даргын захирамжаар ажлын хэсэг томилуулан таримал ойд тооллого явуулж, чанар, үр дүнг нь шалган дүгнэлт гаргаж худалдан авах, эсэх тухай акт үйлдэнэ. Худалдан авах актыг, дүгнэлтийн хамт есдүгээр сард багтаан Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад  хүргүүлнэ.

 
 
ОЙН ХЭЛТЭС